Иранд өнгөрсөн есдүгээр сард ёс суртахууны цагдаа нарын гарт амиа алдсан бүсгүйтэй холбоотой жагсаал өрнөсөөр буй. Эрх баригчид жагсаалтай холбоотой буюу засгийн газрын эсрэг гэж үзсэн олон үйлдэл, хэрэгт олон жилийн хорих ял, цаашлаад цаазын ял ч оноож байгаа.
Тэгвэл саяхан Иранд 20-иод насны хоёр хос бүжиглэж байгаа бичлэгээ Инстаграм хуудаснаа нийтэлснийхээ төлөө 10 жилийн хорих ял сонсжээ. Залуу хосуудын Инстаграм хуудасны дагагч нийлээд 2 саяд хүрэх юм байна. Тэд бүжиглэж байгаа бичлэгээ Тегераны “Азади” буюу эрх чөлөөний цамхагийн урд хийжээ. Тэднийг авлига, биеэ үнэлэлтийг сурталчилж, үндэсний аюулгүй байдлын эсрэг суртал ухуулга хийсэн хэрэгт буруутгажээ. Түүнчлэн залуу хосууд хоёр жил сошиал хаягаа ашиглаж болохгүй бөгөөд хил давах боломжгүй болсон байна. Жагсаалын улмаас зуу зуун хүн амь насаа алдаж, олон мянган хүнийг баривчилсан. Үүний зэрэгцээ Иранд авлигал, ядуурал, ажилгүйдэл, тэгш бус байдлын асуудлууд нийгмийн өмнө тулгамдсан томоохон сорилтууд хэвээр байна.
Эх сурвалж: BBC