Технологийн аварга компаниудын ажлын цомхотгол үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд PayPal компани нийт ажилчдынхаа 7 хувийг буюу 2000 гаруй ажилтнаа чөлөөлөхөөр болжээ. Тус компанийн удирдлагууд энэ шийдвэрээ “Макро эдийн засгийн сорилт”-оос үүдсэн хэцүү шийдвэр байсан хэмээн тайлбарласан байна.
Тодруулбал, PayPal компанийн гүйцэтгэх захирал “Дэлхий ертөнц, зах зээл өөрчлөгдөж байгаагийн хэрээр бид ч мөн адил хөдлөх шаардлагатай боллоо” гэсэн юм. Энэ сард Alphabet, Amazon, Microsoft зэрэг технологийн магнатууд мөн ажилчдын цомхотгол хийж буйгаа зарласан. Технологийн компаниуд ингэж зэрэг цомхотгол хийх болсон нь хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа гэж шинжээчид үзэж байгаа. Үүнд эдийн засгийн тодорхойгүй нөхцөл байдал, цар тахлын үеийн ажил олголт зэрэг багтаж байна. Учир нь технологийн компаниуд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, ажлын байруудаа огцом нэмсэн байдаг. Гэвч энэ үйлдэл нь эргээд цар тахлын дараах эдийн засгийн сэргэлттэй нийцэхгүй буюу зардлыг нь ихэсгэж байгаа тул ийм шийдвэрт хүрч байна гэж шинжээчид дүгнэж байна.
Эх сурвалж: BBC