Энэ сарын 4-ний 19 цагаас Э.Монголжин охины эмчилгээний зардалд зориулсан лайв тоглолт болох гэж байна. Түүний эмчилгээний зардалд 50 сая төгрөг дутуу байгаа бөгөөд, цаг алдах тусам хагалгаа нь хүндрэх эрсдэлтэй тул үзэгч та бүхэн хандивын гараа сунгаж, зургаахан настай бяцхан охины алхаж, гүйх мөрөөдлийг нь биелүүлэхэд хувь нэмэр оруулаарай. Э.Монголжин охин доод мөчний саажилттайн улмаас алхаж гишгэж чаддаггүй. Солонгос, Энэтхэгийн эмнэлгүүдээс охиныг 100 хувь эдгэнэ, хөлд орно гэсэн сайн мэдээ дуулгажээ. Түүний ээж эмчилгээний зардлыг нь олохын тулд жил зургаан сарын хугацаанд үзэг зарж зардлынхаа багагүй хувийг цуглуулж амжсан байна.
Энэ талаар Э.Монголжин охины ээж Ц.Баярмаа ярихдаа “Охиноо эмчилгээнд авч явах гээд бүтэн жил зургаан сар алдаж байгаа юм. Хэрвээ би өнөөдөр боломжтой, танилын хүрээ ихтэй байсан бол үзгээ маш хурдан хугацаанд зараад явах боломжтой байсан. Сая миний охин нэгдүгээр ангид орсон. Ангийнхан нь биеийн тамирт орохоор, “ээжээ би гүймээр байна. Хурдан хөлд ормоор байна” гэдэг. Том болох тусмаа алхахыг улам л их хүсэж байгаа. Хүүхдүүд биеийн тамиртаа орохоор миний охин ганцаараа ангидаа үлддэг юм.
2021 оны найман сараас хандивын аяндаа зориулж, үзэг зарж эхэлсэн. Эмчилгээний зардлынхаа 40 гаруй саяыг нь олсон байгаа. Одоо 50 гаруй сая төгрөгийн зардал дутуу байна. Манай үзэгнээс худалдан авч цагаан сараар бэлэглэхэд их хөөрхөн. Нэг чихрийн оронд нэг бал өгвөл хэрэгтэй шүү дээ. Баланд маань zero запаас ордог. 2000 төгрөгөөр бал авахад, миний охины мөрөөдлийг биелүүлэхэд маш их нэмэр болж байна гэсэн үг.
Дуучин Пүрэвжаргал дүү маань, Good Soil хөгжмийн дэлгүүрийн хамт олон миний охины хандивын аянд нэгдэж, энэ сарын 4-ний 19 цагаас лайв тоглолт хийж өгөх гэж байгаа. Энэ тоглолтыг маань үзэж, цааш түгээж өгөөрэй гэж та бүхнээс хүсэж байна.
Хүүхэд зургаан нас хүрээд ясжаад ирэхээрээ хагалгаанд орох нь их эрсдэлтэй болдог гэж байгаа юм. Цаашлаад удаад байвал шөрмөсний хагалгаанд давхар орох шаардлагатай болно. Тэгэхээр дахиад л зардал мөнгө нь нэмэгдэнэ. Миний охины хөлд орох, алхах мөрөөдөлтэй нь та бүхэн хамт байгаарай. Миний охины хандивын лайв тоглолтыг сайн үзэж, түгээж өгөөрэй гэж дахин дахин гуймаар байна” гэлээ.
Видео мэдээг дээрээс үзнэ үү.