“Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг IX” хэлэлцүүлэг энэ сарын 1-3-ны өдрүүдэд болно.
Энэ удаагийн сургалт семинараар төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, үр ашиг, хяналтын асуудлын одоогийн нөхцөл байдал, тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх, анхаарах асуудлын талаар танилцуулах бөгөөд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулиар батлагдсан төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Бид хэлэлцүүлгийн үеэр сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ж.Дэлгэржаргалаас дараах зүйлийг тодрууллаа.
-Хэлэлцүүлэгт ямар асуудлыг хөнлөдөж, шийдэл хэлэлцэж байна вэ?
-Энэхүү хэлэлцүүлгийг уламжлал болгон зохион байгуулдаг. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудлыг хөндөж ярьдаг. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт өөрөө нийгэмд болон тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэхэд шаардлагатай барилга байгууламж, дэд бүтцийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зардал. Энэ хөрөнгө оруулалтад оролцогч олон байгууллага байдаг. Жишээ нь төлөвлөлтийн түвшинд гэхэд өөр байгууллагууд, хэрэгжилт, худалдан авах ажиллагаанд гэхэд олон байгууллага оролцдог. Энэ удаагийн сургалтад 21 аймаг, дүүрэг, нийслэл, яамдууд, бүх оруулалтын ажиллагаанд хэн оролцож байна тэр бүх хүмүүсийг бид цуглуулсан. Дээрээс нь хөрөнгө оруулалтын үр ашгийн асуудлыг сүүлийн үед их хөндөж ярьж байгаа учраас бид үр ашгийг сайжруулахад юунаас нь эхлэх юм бэ, хэн яаж оролцох вэ гэдгийг бүх байгууллагуудаар нь эхний өдөр танилцуулга хийнэ. Сүүлийн хоёр өдөр энэхүү үр ашигтай байхад бид яаж хамтарч ажиллах вэ гэдгийг багийн ажлуудаар хэлэлцэж явна. Үр ашгийн асуудлууд дээр бид яаж төслүүдээ төлөвлөсөн хугацаанд нь ашиглалтад оруулах уу, яаж төсөвт өртгийн нэмэгдэл байхгүй байлгах уу, ил тод байдал иргэдийн оролцоог яаж хангах уу, цаашлаад Сангийн яамны зүгээс бид зөвхөн байшин барилга барих биш ногоон хөрөнгө оруулалт оруулах, урсгал зардал багатай, эрчим хүчний хэмнэлттэй хөрөнгө оруулалт руугаа энэ бодлогоо чиглүүлье гэж байгаа. Эдгээр асуудлуудаар бид 3 өдөр хэлэлцүүлэг хийнэ.
-Тойргоо усалдаг төсөв гэж олон нийтийн зүгээс шүүмжилдэг. Үр ашиггүй барилга байгууламж барьж байгаа тохиолдол хэр гарч байна вэ?
-Бидний сүүлийн 15 жилийн судалгаан дээр гэвэл 2018 оноос бид шинэчлэлийг хийснээс хойш харьцангуй гайгүй. Бид жилд 1000-аас дээш төсөл хэрэгжүүлж байна. Үүн дотор нэг тийм төсөл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс тэр асуудлуудыг гаргахгүйн тулд бид зохицуулалтуудаа хийж өгч байгаа. Үүнд Төрийн хэмнэлтийн хуульд орсон өөрчлөлтүүд, цахим системийн асуудлууд сайжирч үр дүнгийн үзүүлэлтүүд сайн гарч ирж байгаа. Хэрэгцээтэй олон төслүүд байгаа. Улаанбаатар хотын цэцэрлэг, сургуулийн хүртээмж, ковидийн үед эрүүл мэндийн байгууллагын тоног төхөөрөмж сайн нэмэгдсэн. Монгол Улс 21 аймагтай хэрэгцээ шаардлага өндөр байдаг. Тиймээс бид алийг нь санхүүжүүлж, алийг нь түр хойшлуулах уу гэдэг нь удирдлага, бодлогын хувьд шийдвэр гаргах асуудал байгаа. Иргэд буруу мэдээлэл авснаас хөрөнгө оруулалтын талаар зөрүүтэй ойлголттой болдог. Бид аль болох муу хөрөнгө оруулалтын аль болох засаад явж байгаа. Сайн хөрөнгө оруулалтуудаас гэвэл нийгмийн салбарт богино хугацаанд хэрэгжин ашиглалтад орсон Чингис хааны музейн төсөл байна. Олон эмнэлгүүд, боомтын замууд байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг бид зөв удирдаж, төлөвлөж чадах юм бол нийгмийнхээ олон асуудлыг шийдэхэд түлхэц үзүүлнэ. Сүүлийн 4 жилд үр ашигтай хөрөнгө оруулалтууд сайжирсан.
-Ашиггүй хөрөнгө оруулалтын голлох шалтгаан нь юу байна вэ?
-Сүүлийн 15 жилийн судалгаан дээр нийт дуусахгүй байгаа үр ашиггүй хөрөнгө оруулалтуудын 50-аас дээш хувь нь зураг төсөвгүй батлагддаг. Эсвэл нэг зурагтай иймэрхүү байдлаар хэрэгжүүлнэ гэдэг. Тэр нь хууль эрх зүйн сул зохицуулалт байгаагаас төсөв дээр суулгасан байдаг. Мөн худалдан авах ажиллагаанаас хамаараад муу гүйцэтгэгч шалгаруулах эсвэл дутуу гэрээ хийгдэх тендер, газрын маргаанаас үүдэлтэй байсан. Үүнийг 2022 онд хуулийн өөрчлөлтүүд хааж өгсөн.
-Мэдээллийг ил тод байлгахын ач холбогдлыг хэлж өгөөч?
-Цахим шилжилтийн шилжилтийг 2009 оноос бий болгоод одоо улсын хэмжээнд төлөвлөлтийн ажлыг 21 аймаг, яамдууд, Сангийн яам гэсэн 3 түвшинд зөвхөн цахим дээр төлөвлөж байгаа. Үүнийг дагаад мэдээллийн том сан үүсэж байгаа. Энэ бүх үйл ажиллагааг бид олон нийтэд ил тавьж өгсөн. Аливаа улс оронд олон нийтийн хяналтыг бий болгоод ирэхээр болохгүй байгаа асуудлыг гаргаж ирдэг, олж хардаг. Цахим системд шилжүүлснээр хамгийн сайн бодит үр дүн гэвэл өнгөрсөн жил миний судалгаан дээр нийт санхүүжилтийн 50-аас дээш хувь нь дандаа IV улиралд гардаг байсан бол энэ үзүүлэлт 30-40 хувь руу орж ирсэн.
-2024 онд шинэ хөрөнгө оруулалт руу зардлаа тавих нөхцөл бүрдэж чадах уу?
-Шинэ найман хөрөнгө оруулалтын хувьд төсвийн хөрөнгөөр орж ирсэн хөрөнгө оруулалтуудаа бид эрэмбэлээд нэн шаардлагатай хөрөнгө оруулалтуудаа тавьсан гэсэн үг. 2024 оноос бид илүү шинэ хөрөнгө оруулалтуудаа оруулж ирнэ. 2023 онд бид эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудаа дуусгая, шинэ хөрөнгө оруулалтуудаа хойш нь тавья. Бага хэмжээгээр олон төсөл тавьдаг байсныг больсон. 2024 онд шинэ хөрөнгө оруулалтын олон төслийг шийдэх орон зай гарч ирнэ.
Мөн “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хууль болон Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийг төлөвлөх, санхүүжүүлэх, тайлагнах, хянах” журмын өөрчлөлтийг хэлэлцүүлгийн үеэр танилцуулна.