БНСУ-д нэгэн сонирхолтой судалгааны дүн гарсан нь 20-иод насны “либерал” залуус Твиттер хэрэглэдэг бол ижил насны “консерватив” залуус Фэйсбүүк хэрэглэдэг байна. Ерөнхий судалгаа нь 19-24 насныхны цахим сүлжээний хэрэглээг тандах зорилготой байжээ. Тодруулбал, эдгээр насны таван залуу тутмын хоёр нь өдөрт 5-аас дээш цагийг ухаалаг утсаа ашиглаж өнгөрөөдөг гэсэн байна. Ингэхдээ YouTube, KakaoTalk, Instagram гэсэн платформуудыг хамгийн ихээр ашиглаж байжээ. 2000 гаруй хүн оролцсон энэ судалгааны үр дүнд 42.5 хувь нь Instagram-ыг идэвхтэй ашигладаг гэсэн бол 10.8 хувь нь Фэйсбүүк, 9.6 хувь нь Твиттерийг идэвхтэй ашигладаг гэсэн байна. Мэдээллийн платформ идэвхтэй ашиглаж байгаа залуусыг улс төрийн үзэл баримтлалаар нь ангилж үзэхэд, өөрсдийгөө “либерал” гэсэн залуус нийт оролцогсдын 52.5 хувийг бүрдүүлж байсан ба тэд голлон Твиттер хэрэглэдэг гэнэ. Түүнчлэн 20 настай залуус Твиттерийг хамгийн ихээр хэрэглэдэг байсан нь сонирхолтой үр дүн болж байгаа юм. Харин өөрсдийгөө “консерватив” гэсэн залуус мэдээллээ түлхүү Фэйсбүүкээс авдаг гэсэн дүн гарчээ.
Эх сурвалж: KOREA HERALD