“Олон жил эмийн ургамлыг судлаад, ийм өвчинд ийм ургамал хэрэглэнэ, ямар өвчинд өөр, өөр ургамлуудыг хавсран хэрэглэх вэ гээд ургамал талаас нь, өвчин талаас нь бичсэн 700-гаад хуудастай судалгааны бүтээл маань шатсанд үнэхээр харамсаж байна” гээд халаглан, харамсан суугаа түүнийг Ж.Цолмон гэдэг. Монголын анхны микробиологичдын нэг, доктор, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан тэрбээр олон төрлийн зээл аван, хурааж хуримтлуулснаа элбэн байж 2022 онд байшин барьжээ. Гэтэл байшин нь шатан, зөвхөн тавилга эд хэрэгсэл нь бус хөдөө аж ахуйн багажнууд, оюуны бүтээлүүд нь үнс болж хувирсанд тэвдэн, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатууг мэдэрч явна.
-Тухайн үед юу болсон талаар ярихгүй юу. Гал юунаас болж гарав?
-Би ээмэг, бөгж, автомашинаа ломбардад тавиад, тэтгэврийн зээл, ахмадуудад зориулсан зээл гээд бүхий л төрлийн зээл авч, хүнээс хүртэл мөнгө зээлээд, дөрвөн жил зүтгэн байж 11х12 хэмжээтэй сайхан байшин барьсан юм. Хотод байсан бүх юмаа тэндээ аваачсан. Би ногоо тарьдаг, багаж ихтэй.
Шөнө нэг сэрэх нь байшингийн дээвэр дээр хүн яваад байсан. Хөлийн чимээ нь тод сонсогдож байв. Би ганцаараа байсан тул айгаад гарч чадаагүй. Тэгээд чимээ намдахаар нь унтсан. Хэсэг хугацааны дараа гэв гэнэтхэн хөлөөс халуу дүүгээд, бие дээгүүр гал төөнөөд, цочоод сэрсэн. Намайг бурхан сэрээсэн гэж бодож байна. Сэрээд харсан чинь дээвэр шатаад, улаанаараа улалзаж байсан. Толгой дээр нэг муу цүнх байсан. “Энд паспорт байгаа” гээд цүнхээ шүүрээд, хөл нүцгэн, дан трикотой, энэ цамцтай гүйж гарсан юм. Тэгээд онцгой руу залгасан. Онцгойгийнхон дөрвөн минутийн дотор шуурхай ирээд, гурван цаг гаруй ажиллан байж унтраалаа.
-Галаас бүрэн бүтэн зүйл үлдсэн үү?
-Үлдээгүй ээ. Юу ч үлдээгүй. Гэрийн эд хогшил, хөдөө аж ахуйн багажууд гээд бүгд шатсан. Нэг ус буцалгагч бүтэн үлдсэн байсан. Хотод авчраад үзэх нь ээ асахгүй байна лээ.
Хамгийн гол нь би олон жил эмийн ургамлыг судлаад, нэг өвчинд ямар, ямар эмийн ургамал хэрэглэдгийг өвчин талаас нь, ургамал талаас нь бичсэн юм. Бүх эмийн ургамлыг судалсан, 700-гаад хуудас болчихсон, үргэлжлүүлж бичих номын эх байсан юм. Тэр маань шатсанд үнэхээр их харамсаж байна.
-Дээвэр дээр юун хүн явж байв. Тэр хүн гал алдсан эсвэл санаатайгаар гал тавьсан байх магадлалтай юу?
-Би тэр хүнийг санаатайгаар гал тавьсан гэж бодож байна. Хардаж байгаа хүн бий.
-Та хэдэн хүүхэдтэй вэ. Туслаж, дэмжих хүн бий юү?
-Би гурван хүүхэдтэй. Хоёр хүүхэд маань гадаадад амьдардаг. Гурав дахь нь хотод байдаг. Тэд маань өөрсдийгөө болгож яваад л би их баярладаг. Өөр туслаж, дэмжих хүн байхгүй ээ.
Одоо хотод нэг айлын хажуу өрөөг сарын 300.000 төгрөгөөр түрээсэлж байна. Байшин барих гээд баахан зээл авчихсан, өнөөх нь нэхэгдээд хэцүү л байна. Цаашдаа яажшуухан амьдардаг юм байгаа юм, бүү мэд. Үнэхээр хүнд байдалд орчихлоо.
-Та Монголын анхны микробиологичдын нэг. Хэдэн онд төгссөн билээ?
-1986 онд төгссөн. Монголд төгсгөсөн хамгийн анхны микробиологичдын нэг нь. Би Б ангид сурдаг байлаа, ангийн дарга нь байсан. Би улсад 20, хувийн байгууллагад 19, нийт 39 ажилласан.
-Хүнд, хөрсөнд хоргүй, зөвхөн шавжинд өвчин үүсгэдэг бактерийн омгийг та Монголоос анх удаа нээж байсан. Таны нээлтийн онцлог, үр өгөөж нь юу вэ?
-Газар тариалан, байгаль орчинд хөнөөл учруулж байгаа хөнөөлт шавжийг биологийн аргаар устгах судалгааг хийгээд хүнд, хөрсөнд хоргүй, зөвхөн шавжид өвчин үүсгэдэг бактерийн дөрвөн омгийг Монголд анх ялгаж авсан. Ялгаж аваад тогтохгүйгээр омгуудаа Пастерын институт руу явуулж, “Шинэ омог мөн” гэсэн хариу авч, баталгаажуулж байлаа. Түүгээрээ арван хэдэн патент авсан, 1997 онд залуу байхдаа докторын зэрэг хамгаалсан. Дөрвөн омог ялгаж, нээлт хийсэн гээд 1997 онд Шинжлэх ухааны тэргүүний ажилтан цол надад өгсөн. Тухайн үед бүх хүрээлэнгийн захирлууд ч Шинжлэх ухааны доктор болоогүй байсан юм байна лээ.
-Таны нээлтийг хаана, хаана туршиж, ашиглаж байв?
-1997 онд докторын зэрэг хамгаалахынхаа өмнөх зун нь Архангай аймгийн Цэцэрлэг хотын ойг онгоцоор өөрийнхөө бэлдмэлээр шүршээд, ердөө гуравхан хоногт ногооруулж байсан. 1998 онд Өвөрхангай аймгийн голын дагуух бургас эрвээхэйнд баригдчихсан байсан. Ямар хүнд нөхцөлтэй байсан нь одоо ч нүдэнд аймар харагддаг. Бэлдмэлээ ашиглаад, эрвээхэйнүүдийг устган, ногооруулж байлаа. 1999 онд Богд уул шавжийн өвчинд, хортонд баригдсан байсан. Өвчнийг нь дарж, дараа нь шавжийнх нь эсрэг өөрийнхөө бэлдмэлээр шүршээд дөрвөн хоногт ногооруулсан.
-Таны бэлдмэлийг одоо ашиглах боломжтой юу?
-Боломжтой байлгүй яах вэ. Би АНУ-д 11 жил амьдарсан. Монголдоо ирэхэд байгаль орчны яамныхан намайг долоон жил хүлээсэн юм байна лээ. Тэгээд аргагүйн эрхэнд, тендер зарлаад, өөр хүнийхийг ашигласан.
Энэ төрлийн тендерийг одоо Эрдэм шинжилгээний байгууллагын экспердиц хариуцдаг. Би 2014, 2015 онд тендерт оролцон, бэлдмэлээ Эрдэм шинжилгээний байгууллагын экспердицэд өгсөн. Гэтэл тэрнээс омгийг маань ялгаж аваад, өөр нэр өгөөд, шал өөр патент авчихсан.
-Таныхыг ашигласан гэсэн үг үү?
-Тэгсэн, минийхийг ашигласан. Одоо тэр бэлдмэлээс нь шууд дээж аваад, Пастерын институт руу илгээвэл миний омог гараад ирнэ.
Би өөрийнхөө хүчээр, өөрөө өөрийгөө болгосоор ирсэн. Гэтэл гуравхан цагийн дотор миний бүх юм шатаад, хүний өгсөн хувцастай, гэр оронгүй амьдарч байна. Гэр худалдаад авъя гэхээр мөнгөгүй, олон төрлийн зээлтэй. Аргагүй эрхэнд ийм хүнд байдалд орчихлоо. Надад өгөөмөр гараа дэлгэн туслахыг монгол түмнээсээ хүсье.
Ж.Цолмонгийн харилцах данс: ХААН БАНК:
5023628115
Утас 91222788.