Олон улсын валютын сангаас 2023 онд Их 7-гийн орнууд буюу хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас зөвхөн Их Британийн эдийн засаг л дордох төлөвтэй байгааг мэдээлжээ. Тодруулбал, Их Британийн эдийн засаг агшиж, ДНБ нь буурах төлөвтэй байгаа аж. Ингэснээр өндөр хөгжилтэй орнуудаас Их Британи ганцаараа хамгийн сул үзүүлэлтийг энэ онд үзүүлнэ гэсэн үг юм. Өнгөрсөн жилийн намар Их Британи эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд эзлэх байр нь ухарч, Энэтхэгийн дараа бичигдсэн. Шинжээчид эдгээр сул үзүүлэлтүүд үүсэх болсон шалтгааныг эрчим хүчний үнийн өсөлт болон инфляцын өндөр түвшинтэй холбон тайлбарлаж байгаа юм.
Учир нь Их Британи хийнээс хэт хамааралтай учир Орос, Украины дайн эдийн засагт нь хамгийн их нөлөөлж байгаа билээ. Гэхдээ ОУВС ирэх намар эдийн засгийн үзүүлэлт нь сайжирч магадгүйг мөн онцолсон байна. Аливаа улсын ДНБ хоёр улирал дараалан буурсан үзүүлэлттэй гарвал тухайн улсыг эдийн засгийн хямралд орсон гэж үздэг. Тиймээс цар тахал, зүүн Европын мөргөлдөөн зөвхөн жижиг орнуудад бус өндөр хөгжилтэй орнуудад ч мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлж байгааг дээрх үзүүлэлт харуулж байна. Харин Их Британийн сангийн сайд Жереми Хант тус улс ОУВС-гийн өмнөх төсөөллүүдээс үргэлж давсан үзүүлэлттэй байдгийг онцолсон байна.
Эх сурвалж: BBC