Сүхбаатар дүүргийн худалдан авах ажиллагааны албанаас өнгөрсөн сарын 22-нд “Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, бэлэг гардуулах” нэг тэрбум 300 сая төгрөгийн төсөвтэй тендер зарласан. Энэхүү тендер нь ахмадуудад хүнсний бүтээгдэхүүн бэлэглэх, хүлээн авах зориулалттай байсан. Цахим сүлжээнд гараад буй олон нийтийн шүүмжлэлтэй холбогдуулан тендерийн зориулалтыг өөрчилж, ахмадуудын төв байгуулах болсон талаар СБД-ийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн О.Ууганжаргал хэллээ.
Тэрбээр, Жил бүр сар шинийн баяртай холбогдуулан бүх дүүрэг ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ зохион байгуулдаг. СБД ахмад настнуудад хүнсний дэмжлэг үзүүлэх багц тендер зарласан. Энэ тендертэй холбоотой олон нийтийн шүүмжлэл гарсан. Дөнгөж сая засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар захиалагч байгууллагын энэ тендер цуцлагдах шийдвэр гарсан байна. Нэгэнт төсөвт энэ мөнгө суусан учраас бүтээн байгуулалтын ажил хийе гэдэг шийдвэр гарч байна. Ахмадуудын төв барина гэсэн үг.
Олон нийтийн зүгээс, “ядаж гурил будааг нь өөрсдөөр нь авхуулаач ээ” гэдэг байр суурьтай байна. Бид уг нь ийм нийгмийг хүсэж байгаа. Үнэхээр бид ийм нийгмийг бүтээж чадаж байна уу гэвэл бас нэг өөр асуудал. Мэдээж шүүмжлэл гарсан учраас бид тендерээ өөрчилж байна. Зориулалтыг нь өөрчилж байгаа асуудал юм” гэлээ.
СБД-ийн ЗДТГ-ын хэвлэлийн мэргэжилтэн, ганцхан манай дүүрэг дээр ийм тендер зарлагдаагүй. Бусад дүүргүүд ч мөн адил байгаа гэсэн тайлбар хэлсэн. Бид хүн ам олонтой БЗД-ийн ЗДТГ-аас очиж тайлбар авахад, манай дүүрэг мөнгөгүй. Бид ажлаа сайн хийж ахмадууддаа бэлэг барина гэсэн тайлбар өгсөн юм.
Энэ талаар БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх, “Бидэнд төсөв, мөнгө байхгүй. Дүүрэг, орон нутгийн төсөв, мөнгө тааруу байгаа. Бид бол ажлаа сайн хийж иргэддээ бэлэг барья гэсэн уриатай ажиллаж байна. Ажлаа л сайн хийчихвэл иргэддээ барьж байгаа том бэлэг гэж үзэж байгаа. Түүнээс биш хэдэн төгрөг бөөгнүүлээд иргэдэд тодорхой зүйлийн дэмжлэг үзүүлэх боломж байхгүй. Тиймээс иргэдээс хүлцэл өчье. Бид ажлаа сайн хийнэ ээ гэж хэлмээр байна” гэв.