Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 798 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, нэг хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, нэг хэргийг нэгтгэн шалгаж байна.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:
1. Яллагдагч “О” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа бусдаас хахууль авсан гэх;
2. Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын албан тушаалтан “А” албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
3. Увс аймгийн нийтийн албан тушаалтан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэх;
4. Нийтийн албан тушаалтан “Б” нь Хөгжлийн Банканд 15 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх;
5. Архангай аймгийн Өгийнуур сумын албан тушаалтан “У” нь албан үүрэг бүрэн эрхээ урвуулан ашиглаж, өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэх;
6. Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн эрх бүхий албан тушаалтнууд нь бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх;
7. Хэнтий аймгийн Норовлин сумын удирдах албан тушаалтан “У” нь албан тушаалаа ашигласан, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх;
8. Дорнод аймгийн Хэрлэн сумын удирдах албан тушаалтан “Т” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх;
9. Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь дээрмийн хэрэгт шалгахаар авчирсан иргэний толгой руу цохиж, улмаар хохирогч амь насаа алдсан гэх;
10. “Ч” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хөрөнгө, орлогыг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
11. “Б” нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх;
12. “М” нь Орхон аймаг дахь Цагдаагийн газарт ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 774 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
Эх сурвалж: АТГ