MrBeast нэртэй Youtube сувгийн эзний шинэ бичлэг цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Тэрээр харааны бэрхшээлтэй боловч мэс засал хийлгэх боломжгүй 1000 хүнд мэс засал хийлгэх боломж олгожээ. Энэ бичлэгт хагалгааны өмнөх ба дараа гэсэн хэсгийг харуулах бөгөөд мэс засалд орсон хүмүүс шинэ хараатайгаар дэлхий ертөнцийг дахин харж байгаа нь олны сэтгэлийг хөдөлгөлөө. MrBeast энэ аянаа мэргэжлийн эмчтэй хамт хэрэгжүүлж байгаа бөгөөд нүдний катаракт мэс засал нь 10 минут орчмын хугацааг л шаарддаг аж. Тиймээс мэс засалч Жеф Левенсон дийлэнх хүмүүст туслахад ердөө нэг өдрийг л зарцуулсан байна.
Жеф Левенсон энэ аяны талаар “Дэлхий дээр байгаа нийт харааны бэрхшээлтэй хүмүүсийн тал хувьд нь энэ 10 минутын хагалгаа шаардлагатай байдаг. Гэвч тэд эдийн засгийн хувьд боломжгүй тул хийлгэж чаддаггүй нь их харамсмаар санагддаг байсан. Энэ аян бага ч болов хүнд тус болж байгаад баярлаж байна” гэжээ. Mrbeast нийт оролцож байгаа хүмүүсийн мэс заслын төлбөрийг хийгээд зогсохгүй тэдэнд гарын бэлэг, заримд нь бэлэн мөнгийн тусламж үзүүлж байгаа юм байна. Энэ бичлэгийг Youtube дээр нийт 32 сая гаруй хүн үзэж, хуваалцжээ.
Эх сурвалж: CNN