Жилийн өмнө Швед, Финланд улсууд НАТО-д элсэх хүсэлтээ хамтран мэдэгдсэн. Тэд олон жилийн төвийг сахих бодлогоосоо буцсан нь энэ байсан юм. НАТО-д элсэхийн тулд бүх гишүүн орнуудын зөвшөөрлийг авах ёстой байдаг. Гэвч энэ нь Турк улс дээр ирээд гацсан билээ. Нэн ялангуяа, Стокгольм хотод сүүлд болсон жагсаалын үеэр хэт барууны үзэлтэй улс төрч коран судрыг Туркийн элчин сайдын яамны гадаа шатаасан. Үүнээс болж Туркийн ард иргэд төдийгүй эрх баригчид эгдүүцэж, НАТО-д элсэх зөвшөөрлөө авах эсэх нь эргэлзээтэй болоод буй.
Харин Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Турк улс Финланд улсын хүсэлтийг дангаар нь хүлээн зөвшөөрч болно. Харин Швед улсынхыг зөвшөөрөхгүй” гэжээ. Түүнчлэн Финланд улс ч өнгөрсөн долоо хоногт төстэй мэдэгдэл хийсэн. Тодруулбал, Финландын гадаад хэргийн сайд Пекка Хаависто “Хэрвээ Швед улсын НАТО-д элсэх явц удаашралтай байсаар байвал бид өөр арга бодож олохоос өөр сонголтгүй үлдэнэ” гэсэн юм. Хэдий Скандинавын хоёр улс НАТО-д элсэх буюу барууны холбоотон болж, ОХУ-ын эсрэг зогсох шийдвэрээ хамтдаа гаргасан ч тэд хамтдаа энэ зорилгодоо хүрч чадах эсэхийг Турк улс шийдэх болж байна.
Эх сурвалж: DW