Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Хүн бүхэн дор бүрнээ бэлтгэлээ ханган, “Энэ жил сар шинээр ямар дээл өмсөх вэ, юугаар гоёх вэ” гэж суугаа нь мэдээж. Цагаан сарын гоёлыг дээлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид дээл, хантаазны үнэ ямар байгааг сурвалжиллаа.
“Нарантуул” захад 12.00 цагийн үед очиход хөл хөдөлгөөн багатай байв. Зарим худалдаачин дөнгөж ирэн, бараагаа өрж байлаа. Энд, тэнд хэсэг хэсгээрээ зогсон юм ярьж, зарим нь 13 тоглоно. Ер энд худалдан авалт муутай, ачаалал багатай байгаа нь илт.
Ц.ЯНЖИНХОРОЛ: ХҮМҮҮС БАРААН ДЭЭЛ ИХ СОНИРХОЖ БАЙНА
Үстэй, дан гээд олон төрлийн дээл худалдаж буй Ц.Янжинхорол “Манай хос торгон дээл өнгө, өнгөөрөө байна. 550.000 төгрөгөөс дээшээ, доошоо байгаа. Материал, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь өөр, өөр. Зарим хүн “Тэнд арай хямдхан байсан” гээд гайхад байдаг. Том хэмжээтэй дээлэнд илүү материал орно, тэр хэрээр үнэ нь нэмэгддэг гэдгийг анзаардаггүй шиг байгаа юм.
Үстэй дээл хийхэд өртөг өндөртэй. Манайд зарж буй дээлнүүд хамгийн хямд нь 1.8 сая төгрөг.
Ийм сайхан цэвэр даавуун дээлнүүд байна. Эрэгтэй хүнийх нь 250.000-280.000. Хантаазууд 400.000-450.000 төгрөг. Энэ жил хүмүүс бараан дээл их сонирхож байна. “Бараан дээл үзье” гээд л ирээд байна, бараан дээлэнд дуртай байна” гэлээ.
Ү.УРАНЧИМЭГ: ДЭЭЛНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЭГҮЙ
Дээл, хантааз өмнөх жилийн үнээр зарагдаж байгаа, үнэ нэмэгдээгүй гэж худалдаа эрхлэгч Ү.Уранчимэг онцоллоо. Тэрбээр “Бид нэг дээлийг 120.000-150.000 төгрөгөөр оёулдаг. Мэдээж бараа, материалын үнэ нэмэгдсэн. Гэхдээ бид дээлнийхээ үнийг нэмээгүй. Яг өмнөх жилийн үнээр зарагдаж байгаа.
Манайд зарж буй энгийн дээлүүд 180.000-450.000 төгрөгийн хооронд байна. Үйтэн хуаран дээл 650.000 төгрөг. Хиймэл дотортой дээлнүүд эрэгтэй нь 450.000, эмэгтэй нь 350.000 төгрөгийн үнэтэй. Жирийн даавуун дээлүүд 200.000-380.000 төгрөгийн хооронд байна. Хүүхдийн дээл 45.000 гэж байна. Том хүнийх бас байгаа, 120.000-аас яриад өгчихнө” гэв.
Ж.ГАНТӨМӨР: МӨНГӨТЭЙ ХҮН АЛГА, БОРЛУУЛАЛТ ТААРУУ БАЙНА
Энэ жил дээлийн борлуулалт тааруу, иргэд мөнгө муутай байгааг худалдаа эрхлэгч Ж.Гантөмөр учирласан. Тэрбээр “Мөнгөтэй хүн алга байна. Хоорондоо дандаа “Бартердъя, лизингдье” гэж байна. Цагаан сар болоход 20-хон хоног дутуу байхад хүмүүс юмаа авч чадахгүй байна шүү дээ. Өдийд уг нь овоо байдаг юм. Энэ жил юу ч байхгүй байна шүү дээ. Харахгүй юу. Лангуунууд хүнгүй, хоосон байгаа биз дээ. Хэдэн наймаачид л байна.
Манайд 3-13 насны хүүхдийн ийм дээлнүүд байна. Үнэ нь 150.000-180.000 төгрөг. 12 настай хүүхдийн ийм дээл 180.000 төгрөг. Дан дээл нь 80.000-100.000. Энэ даавуун дээл 60.000-70.000. Монгол цамц 95.000-120.000. Материал, хэмжээнээсээ шалтгаалаад үнэ нь харилцан адилгүй.
Борлуулалт муу, хүмүүс дээл авахгүй байна аа. Ер нь коронавирус гарснаас хойш ингээд муудчихлаа. Наймаа тааруу байна, хүмүүс юм авч чадахгүй байна. Өмнө нь бид бараагүй болоод буудаг байсан шүү дээ.
Үнэндээ амьдрал хүнд байна. Мөнгөтэй хүн алга. Ийм байхад худалдан авалт муу байх нь аргагүй. Бид дээлээ зарж түрээсээ төлдөг, оёдолчдоо цалинжуулдаг. Монголчууд нэгнээсээ юм худалдаж аваад, хэдэн биенээ тэжээгээд яваад байхгүй юу, уг нь. Тэр боломжийг хулгайчууд хаачихлаа шүү дээ. Бүх мөнгийг нь аваачаад складанд, гэртээ, хаусанд нуугаад, хэдэн их наядаар нь идчихсэн. Ийм байхад Монголд сайхан амьдрах боломж үнэндээ алга” гэлээ.