Казахстан улсын үндэсний телевизийн хүүхдийн сувгаар "Зуузуугийн найзууд" хүүхэлдэйн кино энэ сарын 29-нөөс гарч эхэлжээ. Энэхүү төсөл нь 100 ангитай бөгөөд 2017 онд анхны ангиа цацсан юм.
Бид Амжилт анимейшн студийн гүйцэтгэх захирал Болорчимэгтэй уулзаж контент бүтээгч залуусын уран бүтээлийн зорилго, алсын хараа нь юу болох талаар тодрууллаа.
Тэрбээр, “Зуузуугийн найзууд”-ыг Казакстаны ард түмэнд толилуулж буй тухайн телевиз нь монголын Dream телевиз шиг хүүхдэд чиглэсэн суваг. Бид энэ төслийн хүрээнд 10-аад нэр төрлийн ном сурах бичиг, хоёр төрлийн хүүхдийн зөөлөн чихмэл тоглоом, дуутай, дуугүй гээд гурван төрлийн таблет бүтээн гаргасан байгаа.
Бидний гол зорилго нь олон улсад монголын анхны анимейшныг түгээн дэлгэрүүлэхэд оршино. Мөн бүтээлээрээ өв соёлоо түгээн дэлгэрүүлэхийг хичээдэг. Хүүхдүүд youtube-ээс олон төрлийн контент үздэг шүү дээ. Ингэхдээ үндэсний өв соёлоо мартах шахсан. Тийм учраас “Зуузуугийн найзууд” хүүхэлдэйн кино, Зуузуу аппликейшныг бүтээсэн юм.
Бид одоо 100 ангит төслөө дуусгаад дараа дараагийн төслүүд рүүгээ орохоор төлөвлөсөн байна. 2023 оноос хүүхдүүдэд чиглэсэн “Зуузуугийн найзууд”-ын дүрээрээ клип хийх зорилготой байгаа. Бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино гэхээсээ илүү клипнүүдийг хүргэж ажиллахад анхаарч байна.
Манай Амжилт анимейшн студи нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн байгууллагуудтай хамтран ажилладаг. Хандив туслалцаа үзүүлэхийг их хичээдэг. Жишээ нь дауны синдромтой хүүхдүүдийн сан дээр жил болгон очиж багтай үзүүлбэр, тоглолт үзүүлж, хандив, тусламжийн гараа сунгадаг” гэлээ.