Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Түгжрэлийн бүс тогтоож байгаа бол үүнд зохицсон төлбөрийн систем үйлчлэх ёстой. Өнөөдөр Улаанбаатарт түгжрэлийн томоохон бүсүүд бий болчхоод байна. Хамгийн түрүүнд бид нийтийн тээврийн асуудлаа цогцоор шийдэх чухал байна. Хоёрдугаарт, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох хэрэгтэй. Дэлхийн олон орон нийтийн эсэргүүцэл шүүмжлэлийг даваад, хуулиа өөрчилж байна. Наад захын жишээ нь Сингапур байна.
Шинэ тойрог замын асуудлыг ярьж байна. Нүхэн гарцыг шинээр бий болгох, зохицуулалтын ухаалаг системийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Хүмүүс надтай тааралдахаараа “Түгжрэлийн сайд аа, юу байна” гэх юм. Би хариуд нь “Түгжрүүлэгч танаар юу байна” гэж хариулж байна. Намайг автобусанд сууж үзсэн байна лээ гэх зэргээр доромжилж байна. Би гишүүн болохоосоо ч өмнө автобусаар явдаг байсан. Сонгуулиар ч би “Ажлаа автобусны буудлаас эхэлнэ” гээд ярьж байсан. Автобусны зовлон мэддэг учраас би шийдэх гээд явж байна” гэлээ.