Японы мэргэжлийн сүмогийн их аварга, Хөдөлмөрийн баатар Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол Токио хотын “Рёогокү Кокүгикан” ордонд боллоо. 69 дэх ёкозүна цолтон түүний зодог тайлах ёслолд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, Харүмафүжи Д.Бямбадорж нарын улс төр, спортын алдартан, олны танил эрхмүүд оролцов.
Хакүхо хамгийн сүүлчийн барилдаанаа ууган хүүтэйгээ хийсэн нь олны сэтгэлийг ихэд хөдөлгөв.
Мөн Харүмафүжи Д.Бямбадорж үсэнд нь хүрч, үг хэлсний дараа сэтгэлээ барьж дийлээгүй, нулимс унагаасан.
Монгол түмний төдийгүй япончуудын бахархал Хакүхо М.Даваажаргал 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. Түүний аав нь Хөдөлмөрийн баатар, дархан аварга Ж.Мөнхбат. Аав, хүү хоёул Хөдөлмөрийн баатар цол хүртсэн яах аргагүй бахдам амжилт.
“Цагаан гарьд” гэгддэг Хакүхо 2000 онд Японд очин, 22 насандаа мэргэжлийн сүмод барилдсан. Мэргэжлийн сүмогийн ёкозүна цол хүртсэн Монголын хоёр, гадаадын дөрөв дэх сүмоч.
1000 жилийн түүхтэй Японы мэргэжлийн сүмод 30-аас дээш удаа түрүүлсэн хоёрхон бөх байдгийн нэг нь Хакүхо М.Даваажаргал. Хакүхо мэргэжлийн сүмогийн дэвжээнд 1187 удаа давж, 45 удаа түрүүлсэн цорын ганц бөх.
Хакүхогийн гаргасан дээд амжилтууд:
45-Дээд зиндаанд хамгийн олон удаа түрүүлсэн
1093– Дээд зиндаанд хамгийн олон удаа давсан
84– Ёкозүна цолтой хамгийн олон башёд барилдсан
1187-Нийт давааны тоо
899– Ёкозүна цолтой барилдаж давсан тоо.
16– Дээд зиндаанд нэг ч уналгүй хамгийн олон түрүүлсэн.
7– Эзэн хааны цомыг дараалан хүртсэн.
63– Ёкозүна цолтой дараалан давсан даваа
51– Эхний найман өдөрт качикоши хийсэн барилдааны тоо.
М.Даваажаргал гурван жил үерхсэн япон бүсгүй Сайко Вадатайгаа 2007 онд гэрлэсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй.
Хакүхо 2019 онд Япон улсын иргэн болж, нэрээ “Хакүхо Шо” гэж сольсон. Ингэснээр дэвжээний эзэн болох эрхтэй “Цагаан гарьд”-д нээгдсэн. Улмаар өөрийн барилдаж байсан “Миягино” дэвжээг өнгөрсөн жил албан ёсоор өвлөн, ояката болсон юм.