Өөртөө цаг гаргаж, өөрийгөө хайрлаж чаддаг эмэгтэй хамгийн үзэсгэлэнтэй харагддаг. Охид бүсгүйчүүдэд өөртөө итгэх итгэл, эрч хүч, гоо үзэсгэлэнг бэлэглэдэг make up artist Х.Аззаяаг хөрөг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт урьж, ярилцлаа. Тэрээр мэргэжлийн нүүр будалт хийж, гоо зүйн сургалт явуулдаг.
-Хэзээнээс нүүр будаж эхэлсэн бэ?
-Би өөрөө 13 наснаасаа нүүрээ будаж эхэлсэн. Ээж маань “Нүүрээ хамгаалах ёстой. Нүүр будалт заавал хэн нэгэнд гоё харагдах эсвэл өөр ямар нэгэн зорилготой биш. Өөрийнхөө арьсыг маш сайн хамгаалдаг, цэвэрлэдэг байх ёстой” гээд өсвөр наснаасаа будаж эхэлсэн. Яг мэргэжлийн нүүр будалт хийгээд найман жил болж байна.
-Ямар мэргэжилтэй вэ, яагаад мэргэжлийн нүүр будалт хийдэг болсон бэ?
-Би бизнес удирдлагын мэргэжилтэй. Яг үнэндээ би өөрийнхөө нүд, хөмсгөө буюу хос эрхтнээ ижил болгох гэж анх нүүр будалтын сургалтад суусан. Сургалтын явцад модель дээр будалт хийхэд багш маань “Чи их ирээдүйтэй юм байна” гээд ганцхан үг хэлсэн.
Модель будаж байгаа будалтаа ажил болгоод, хүнд аз жаргал өгч ажилладаг. Энэ нь ажлаа худалдаалж, арилжаалж байгаа зүйл биш. Тэр хүний харж байгаа харц, өөрийн эрхгүй инээмсэглэлээ барьж ядаад гарч байгаа тэр аз жаргалтай харцыг харах нь надад олж байгаа цалингаас илүү аз жаргал болдог.
-Мэргэжлийн нүүр будалт хийх хамгийн гоё зүйл нь юу вэ?
-Мэргэжлийн нүүр будалт хийдэг хүний хамгийн гол онцлог нь 30 минутын дотор хүмүүст өөрийгөө өөрөөр харах, өөрийгөө хайрлах, өөртөө итгэлтэй байх, нэг сайхан инээмсэглээд гарах аз жаргал өгч чаддагаараа бусад мэргэжлээс онцлог.
НҮҮР БУДАЛТ ХҮНД ӨӨРТӨӨ ИТГЭЛ ИТГЭЛ, ЭРЧ ХҮЧ ӨГДӨГ
-Нүүр буддаг хүний хамгийн чухал зэвсэг юу байдаг вэ?
-Нүүр будалт хийж байгаа хүнд хамгийн чухал зүйл нь сэтгэл. Дараа нь мэдрэмж. Нүүрээ будах гээд маш гоё бүтээгдэхүүн тавилаа. Маш өндөр үнэтэй, маш гоё гаралттай, уусгалт хийдэг багс гээд мундаг бүтээгдэхүүн байлаа гээд сэтгэлээсээ мэдрэмжээ буулгаж чадахгүй бол хэчнээн гоё бүтээгдэхүүн байгаад ч сэтгэл дутахаар тэр нь танд аз жаргал өгөхөд учир дутагдалтай. Би сэтгэлээсээ нүүр будахдаа хэрэглэдэг зүйлс маань нүүр будалтын хэрэгсэл гэж боддог.
Хэрвээ би үйлчлүүлж байгаа бол бүтэн нэг цагийг тухайн артистын хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, мэргэжлийн чадвар гээд маш олон зүйлд мөнгө, цагаа зарцуулахад бэлэн болж сэтгэл зүйгээ бэлдэж ирдэг.
Хүмүүс модель дээр хийсэн будалт харуулаад “Яг ийм болмоор байна” гэдэг. Модель дээр хийсэн будалт маш их ажиллагаатай, бүтээлч ажил шүү дээ. Тэр бүтээлч ажлыг хараад тийм болно гэдэг нь өрөөсгөл ойлголт. Тухайн зураг дээрх моделийн нүүрний бүтэц, хэлбэр гээд бүх л зүйл нь өөр. Тухайн хүнд тохирохгүй, магадгүй дугуй хэлбэртэй нүүртэй хүнд модель дээр харсан будалтыг нь будаад өгчихвөл энэ миний ажил биш болно. Энэ нь хүмүүсийн хэлдгээр “халтуур”. Би халтуур биш сэтгэлээ мэдрэмжээ буулгахын тулд тухайн хүндээ “Таны хувьд ийм байна” гээд маш сайн ярилцдаг. Би ярилцах дуртай.
-Хүн бүр гоо үзэсгэлэнгийн өөр өөр хэмжүүртэй, өөр өөрийн өнцгөөс харж, тодорхойлдог. Таны хувьд ямар эмэгтэйг үзэсгэлэнтэй гэх вэ?
-Хамгийн үзэсгэлэнтэй, сайхан эмэгтэй гэж ямар эмэгтэйг хэлэх вэ гэхэд олон хүн хайрлагдсан эмэгтэй гэж хариулдаг. Хайрлагдсан гэхээр хэн нэгнээр хайрлуулж, хэн нэгнээс хайрлагдсан мэдрэмж авах гэхээс илүү өөрөө өөрийгөө хайрласан, өөртөө итгэлтэй, өөрөөсөө аз жаргалыг мэдэрч байгаа тэр эмэгтэй л хамгийн сайхан гэж боддог. Өөртөө байгаа асуудал, өөрийн сул талаа магадгүй хамар, уруулаа янзалж, өөрчилж байж сэтгэл ханамж авахаас илүүтэйгээр өөртөө байгаа давуу тал, гоо сайхнаа олж харсан, дотроосоо гэрэлтсэн эмэгтэйг хамгийн сайхан эмэгтэй гэж боддог.
ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ, ӨӨРТӨӨ ЦАГ ГАРГАДАГ ЭМЭГТЭЙ ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ
-Та эрч хүч, урам зоригоо юунаас авдаг вэ?
-Хэдхэн хоногийн өмнө хүүтэйгээ ярилцаж байтал хүү “Ээж ээ, та өөрийгөө маш царайлаг гэдгээ мэдэх үү, тэгж боддог уу” гэнээ. Яагаад гэтэл “Дэлхий дээр байгаа сая сая хүнээс хамгийн хөөрхөн, царайлаг нь. Төрсөн хүү чинь таныг хамгийн хөөрхөн гэж бодож байгаа юм чинь та хамгийн царайлаг. Одоо ингэж бодож байгаарай” гэсэн. Үгийн хүч гэдэг маш агуу. Хайртай хүнээсээ гоё үг сонсох хамгийн гоё. Толинд харахдаа өөрийгөө нээрээ л маш аз жаргалтай, хөөрхнөөр мэдэрч байсан. Энэ л миний эрч хүч авч байгаа гол зүйлүүдийн нэг. Мөн над дээр эргэж ирж байгаа, анх хоёулаа ирдэг байсан бол тавуулаа болдог, намайг сонгож ирсэн үйлчлүүлэгчдийн мэдрэмж, сонголт нь миний хамгийн том аз жаргал, эрч хүч болж байна.
-Амжилттай яваа бүсгүйчүүдийн нэг нууц байдаг. Тэр нь зарим үед муу эмэгтэй байх хэрэгтэй. Муу гэдэг нь хүмүүстэй муухай харьцдаг, муухай хандлагатай биш. Зарим зүйлд хувиа хичээж, өөрийгөө хайрлаж, өөртөө цаг гаргаж чаддаг байх. Ингэснээр өөртөө илүү итгэлтэй болно. Өөртөө итгэлтэй, аз жаргалтай байгаа хүн нийгэмд ч, ажилдаа ч, бүх төрлийн хамтрагчдадаа, гэр бүл, найз нөхөд, хүүхдүүддээ эерэг, сайхан харилцаатай, аз жаргалтай байна.
ОДОНТОЙ ЭЭЖҮҮДИЙН НҮҮРИЙГ 50 ХУВЬ ХӨНГӨЛӨЛТТЭЙ БУДДАГ
-Таныг ганц бие ээжүүдэд сэтгэлзүйн зөвлөгөө өгч, одонтой ээжүүдэд 50 хувь хөнгөлөлттэй нүүр буддаг гэж сонссон.
-Би өөрөө ч ганц бие ээж байж, энэ цагийг туулж байсан. ганц бие ээжүүд маань “Би ачаалалтай байна, маш их ганцаардаж байна, бүгдийг ганцаараа туулж, авч явж байна” гэх хандлагатай байдаг. Нийгэм ч ганц бие ээжүүдэд дээрэнгүй, сошиалд эмэгтэйчүүд нэгнээ дардаг, доромжилдог, гутаадаг зүйлс их ажиглагддаг. Бид бие биеэ хайрлах хэрэгтэй байна. Би ганцаараа хичээгээд эсвэл тэнд нэг эмэгтэй ганцаараа хичээгээд байгаа биш бүгдээрээ дотроо байгаа ганц бие ээж гэдгийг арай өөр өнцгөөс нь хараач. Хүн бүр ганц бие ээж болохын төлөө ээж болоогүй. Анхнаасаа “Би ганц бие ээж болъё” гээд болоогүй шүү дээ. Нэгнийхээ хувийн амьдралыг сошиалд ч, амьдрал дээр ч маш их хүндэлж, эмэгтэйчүүд нэг нэгнээ маш их хайрламаар байна.
Зөрөөд өнгөрөхөд муухай харцтай хүмүүс зөндөө байдаг. Хүн бүрд өөрийн гэсэн асуудал байна. Хаалга хаагаад л айл бүрд асуудал байна. Гадуур зөрөхдөө бие бие рүүгээ муухай хармааргүй байна. Сайхан явж байгаа нэгэндээ сайхан үг хэлье. Гутарсан, сэтгэлээр унасан, ганцаардсан бүхнийг аз жаргалтай үгээр услаад өгөөч.
Үүгээрээ дамжуулан нэг зүйл хэлмээр байна. Одонтой ээжүүдэд 50 хувийн хямдралтайгаар нүүр будалт хийнэ. Учир нь энэ маш том гавьяа. Би хоёр хүүхэдтэй. Одонтой ээжүүдийг биширмээр. Маш мундаг. Үнэхээр гайхамшигтай.
ҮС, БИЕ, НҮҮР ГЭЭД БҮХ АРЬСАА ХАМТАД НЬ АРЧЛААРАЙ
-Охид, бүсгүйчүүд маань нүүрээ будахдаа түгээмэл юунд алддаг вэ?
-Нүүр будалт, арьс арчилгаа гэхээр бид одоохондоо зөвхөн нүүрний арьс арчилгаа гэж ойлгоод, нүүрэндээ л анхаардаг. Нүүрээ будуулахаар ирж байгаа бүсгүйчүүд маш гоё артист дээр, маш гоё будалт хийлгэнэ. Маш чадварлаг хүн дээр очиж байна гэж бодсон ч, арьс арчилгаагаа мартаад ирдэг. Хэчнээн гоё бүтээгдэхүүн хэрэглээд, сэтгэлээсээ ярилцлаа гээд тухайн хүний арьс нь өөрөө үнэнийг хэлдэг. Өсвөр насны охид духаар юм гараад байна гэдэг. Энэ нь хуйхны бохирдол, идэж, ууж байгаа зүйлсээс эхлэлтэй байдаг байна. Үс, хуйх, биеийн болон нүүрний арьс арчилгаа гээд бүх зүйл цогц болсноор өөртөө итгэлтэй, өөрийгөө хайрладаг, өөртөө цаг гаргаж чаддаг эмэгтэй бий болно.
Видеог дээрээс үзнэ үү.