Жил жилийн цагаан сараар УИХ-ын гишүүд, дүүргүүд, сум орон нутгийн удирдлагууд ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, идээ, гарын бэлэг гардуулаг уламжлал тогтоод буй. Тэгвэл Сүхбаатар дүүрэг их хэмжээний төсөв гаргаж, ахмадуудад бэлэг тараахаар зэхэж буйг олон нийт шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа дүүргийнхээ ахмадуудад сар шинийн бэлэг авахад зориулж 1 тэрбум 360 сая төгрөгийн тендэр зарлажээ. Энэ нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчиж байгаа учир “Тендэрээ цуцлахыг шаардъя” хэмээн олон нийт эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Түүнчлэн, УИХ-ын гишүүд ахмадуудад өөрийн гарын бэлгээ эдгээр өдрүүдэд тарааж байна. Үүнтэй холбогдуулан “Мөнгөний эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ? Ахмадуудын саналыг худалдаж авахаа зогсоо. Ахмадууд ирээдүйгээ хямдхан үнэлэхээ боль” гэх мэтээр цахим орчинд шүүмжлэл өрнөж байна.