АНУ-ын 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд тус улсын ерөнхийлөгч асан Доналд Трамп өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд гурван сар өнгөрч байна. Тэрээр бямба гарагт Нью Хэмпшир мужид уулзалт зохион байгуулж, сонгуулийн сурталчилгаандаа бэлдэж эхэлснийг хэвлэлүүд онцолж эхэллээ.
Д.Трамп энэ үеэрээ 2020 оны сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дахин нэг удаа баталж, дэмжигчдэдээ хандан Бүгд Найрамдахчуудаас 2024 онд өрсөлдөж болох хамгийн боломжит нэр дэвшигч нь өөрийгөө гэдэгт итгэлтэй байгаагаа хэлж байжээ.
Тодруулбал, тэрээр “Системийг бүхлээр нь өөрчилмөөр байвал үүнийг чадах, ялалт байгуулж чадах хүнийг л сонгох хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн өөрийнхөө засаглалын үеийг амжилтаар дүүрэн байсан бол Жо Байдены засаглал гэмт хэрэг, цагаачлал, эдийн засгийн хувьд сүйрэл болж байна гэж буруутгажээ. Энэхүү кампанит ажлын үеэр түүний ажлын хэсгийн гишүүд Д.Трампын хэлбэртэй зөгийн бал зарж байсныг хэвлэлүүд онцолж байгаа юм.
Эх сурвалж: BBC