Өнгөрч байгаа долоо хоногийн турш Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн асуудал нийгмийн сүлжээнд эрчээ авлаа. Төр иргэдийн үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван эвлэлдэн нэгдэх эрхэнд шууд халдах хуулийг хүч түрэмгийлэн баталснаар Монгол улс юунд чиглэж, хаашаа яваад байна вэ гэх асуудлыг дагуулсан юм.
Шинэ хууль болон дагалдаж баталсан хуулиудад иргэний үгийг төр хянах, жагсаал цуглааны үеэр цахим сүлжээ хязгаарлах агуулгатай ноцтой заалтууд багтсан юм. Тухайлбал:
1 дүгээр зүйл. Кибер аюулгүй байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй.
1/21 дүгээр зүйлийн 21.2.8 дахь заалт:
“21.2.8.Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 6.1.7-д заасан агуулга бүхий зөрчилтэй контентыг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор зөрчилтэй контентын тархацыг бууруулах, хуульд заасны дагуу зохих арга хэмжээ авах бөгөөд эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх журмыг Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөл тогтоох” гэж заажээ.
Үүнээс гадна, Харилцаа холбооны тухай хуульд ноцтой өөрчлөлт орж байна. Үүнд:
1 дүгээр зүйл. Харилцаа холбооны тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй:
1/23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэг:
“23.2.Кибер аюулгүй байдлын тухай хуулийн 4.1.15-д заасан үндэсний хэмжээний кибер халдлага үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед кибер халдлага, зөрчилтэй тэмцэх үндэсний төв, эсхүл нийтийн төвийн саналыг үндэслэн, нийтийн эмх замбараагүй байдал, онцгой нөхцөл үүсэж болзошгүй нөхцөл байдлын үед дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Кибер аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр зөрчилтэй контентын тархацыг бууруулах, харилцаа холбооны сүлжээг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хязгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” хэмээн заасан.
Гэвч Цахим хөгжил, харилцаа холбооны яам хуулиа зөвхөн ганцхан өнцгөөс тайлбарлаж “Хуульд ямар ч ийм заалт байхгүй” хэмээн олон нийтийг төөрөгдүүлсээр байна. Үүнийг сэтгүүлч, хуульчид болон бусад судлаачид, олон нийт эсэргүүцэж, хуулийн хор уршгийн талаар үгээ хэлсээр байна. Харамсалтай нь Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Хуульд нэг ч ноцтой заалт ороогүй” хэмээн тас гүрийсээр байгаа нь олны бухимдлыг дээд цэгт нь хүргэлээ.
“ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХУДАЛ ҮГ БА ДЭЛХИЙН ШИВШИГ”
Эрх баригчид хүний эрх боомилсон хууль батлахдаа худал мэдээлэл тараасан гэх асуудал ч хүчтэй хөндөгдсөн долоо хоног байлаа. Тодруулбал, сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны есдүгээр сарын 20-нд “Мета компанийн Төв Ази,Монгол,Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ хэмээн хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг. Гэтэл өчигдөр “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн твиттер хуудаснаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, Монголчуудын хувьд ч ижил. Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй. Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичжээ. Ингэснээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар худал мэдээлэл түгээж, нийгмийн өргөн агуулгатай, иргэдийн эрхэнд халдсан хуулиа тооцоо судалгаатай боловсруулсан, олон улсын түвшинд хамтран ажилласан хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн болж таарч байна. Гэвч сайд Х.Нямбаатар худал үгэндээ хариуцлага хүлээлгүй үлдэж байна. Энэ бол Засгийн газарт бас нэг том сануулга болж байна.
ҮАБЗ-ИЙН ЗӨВЛӨМЖ БА ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГ
Улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомжийг л УИХ яаралтай горимоор хэлэлцэн батлах хуультай. Гэтэл олон нийтийн сүлжээнд Хүний эрхийг хамгаалах тухай хуулийг гуравхан хоногийн дотор баталсан нэг шалтгаан нь ҮАБЗ-ийн зөвлөмж гарсантай холбоотой гэж дэд сайд Ж.Эрхэмбаатар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хуулийн агуулгыг анхнаасаа л У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар мэдэж байсан гэсэн үг. Ингээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баасан гарагийн орой хуульд бүхэлд нь хориг тавих болсноо мэдэгдлээ. Ингэснээр хоригийг хүлээн авах эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр болж байна.
Эндээс нэг өнцгийг ажиглаж болно. Тэр нь У.Хүрэлсүх ҮАБЗ дээр дэмжиж, хуулиа “захиалсан”. Ингээд олон нийтийн дургүйг туйлд нь хүргэж, эцсийн мөчид баатрын дүрээр гарч ирж байна. Товчхондоо, Н.Учрал урд нь яваад байгаа болохоос биш, олон нийтийг чимээгүй байлгах нь Ардын намынхны хүсэл. Гэвч олон нийтийн шүүмжлэл “гал авалцах” хэмжээнд хүрсэн тулд ардын намынхан арга буюу хуульд хориг тавих шийдэлд хүрч буй бололтой. Уг нь Ерөнхийлөгч гэдэг хүн аль нэг намд харьяалагдах субъект биш. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч бус, намын даргын хэмжээнд сэтгэж, эрх ашиг үнэртүүлж ирсэн нь ч нууц биш. Ямартай ч “цахим шорон” бий болгох хуулийг дундаас нь гацаах, хэрэгжүүлэхгүй байх нөхцөл бүрдээд байна. Эрх баригч намынхан бүхнийг хүчээр, хууль бусаар шийдэх гэж оролдсон оролдлого, том алдаа нь түүхэнд хараар бичигдэн үлдэж байна.
Видеог дээрээс үзнэ үү.