АНУ-ын Теннеси мужийн Мемфис хотод энэ сарын 9-нд 29 настай Тайр Николс гэх хар арьстай эрийг болгоомжгүй жолоо барьсан гэдэг шалтгаанаар цагдаа нар саатуулсан. Гэвч түүнийг саатуулсан таван цагдаа Тайр Николсыг зодож, гурав хоногийн дараа тэрээр эмнэлэгт нас барсан хэрэг гарсан. АНУ-ын цагаар баасан гарагийн орой буюу Улаанбаатарын цагаар өнөө өглөө цагдаа нар түүнийг зодож байгаа бичлэг олон нийтэд ил болсон юм. Учир нь түүнийг саатуулж байх үед цагдаа нарын өмсгөлд хяналтын камер байсан байна.
Томоохон хэвлэлүүдийн цацсан бичлэгт Тайр Николсыг цагдаа нар хэрцгийгээр зодож, тэрээр “ээж ээ” хэмээн орилж байгаа нь бичигджээ. Бичлэг дээр түүний хэрэгт холбогдсон таван хар арьст цагдаагаас гадна цагаан арьст цагдаа байгааг хэвлэлүүд анзаарсан. Тодруулбал, эдгээр таван хар арьст цагдааг хүн амины хэрэгт буруутган баривчилж, ажлаас нь чөлөөлөөд байгаа юм.
Бичлэгийг олон нийтэд ил болгохоос урьтаж аюулгүй байдлын албаныхныг нэмэгдүүлсэн ч тус хотод хэдийн жагсаал өрнөөд эхэлжээ. Мемфисээс гадна бусад Америкийн хотуудад жагсаал газар авах төлөвтэй байгаа юм. Харин хохирогчийн эцэг эх олон нийтийг тайван жагсахыг уриалсан байна.
АНУ-д цагдаагийн албан хаагч энгийн иргэний аминд хүрсэн анхны тохиолдол энэ биш. 2020 онд Жорж Флойд гэх хар арьстай эрд цагаан арьстай цагдаа халдсан хэргээс болж Америк даяар “Black Lives Matter” буюу хар арьстай хүмүүстэй ялгаварлан гадуурхаж харьцахыг эсэргүүцсэн томоохон жагсаал өрнөж байсан билээ. Гэхдээ энэ удаагийн хэрэг нь хар арьстай хүний аминд хар арьстай цагдаа хүрснээрээ ялгаатай гэж зарим хэвлэлүүд үзсэн. Учир нь хэрэгт холбогдсон дээрх цагдаа нарыг цагаан арьстай байсан бол ийм хурдан арга хэмжээ авахгүй байсан гэж үзэх хэсэг байгаа юм байна.
Эх сурвалж: CNN, BBC