
БНСУ, Япон тэргүүтэй Зүүн Азийн томоохон улсуудад төрөлтийн тоо багасаж, насжилт уртсаж байгаа нь хүн ам зүйн хямрал үүсгэхэд нөлөөлж байна гэж мэргэжилтнүүд үзэж буй.
Тухайлбал, БНСУ-ын Статистикийн газраас гаргасан мэдээллээр арваннэгдүгээр сард нийт 18,982 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оныхоос 4.3 хувиар буурчээ. Энэ нь 1981 онд статистикийн агентлаг холбогдох мэдээллийг эмхэтгэж эхэлснээс хойших арваннэгдүгээр сард үзэгдэж буй хамгийн бага тоо болж байна.
БНСУ-д эдийн засгийн өсөлт удааширч, орон сууцны үнэ өндөр байгаатай холбогдуулан олон залуучууд хүүхэд төрүүлэхээ хойшлуулж, татгалзаж байгаа тул энэ тоо цаашид үргэлжилж магадлалтай байна. Тухайлбал, нэгээс арваннэгдүгээр сарын хугацаанд нийт 231 мянга 863 хүүхэд мэндэлсэн нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар буурчээ.
Харин нас баралтын тухайд, 2020 онд нас баралт төрөлтөөс илүү байгааг анх мэдээлсэн. Тэгвэл тус улс 2022 онд гурав дахь жилдээ энэ чиг хандлагыг хадгалах төлөвтэй байна.
Эх сурвалж: YONHAP