НАТО-гийн орнууд Украинд нэмэлт зэвсгийн тусламж, тэр дундаа танк нийлүүлэхээ мэдэгдэхтэй зэрэгцэн ОХУ ээлжит агаарын цохилтоо өглөө. Нийт өгсөн агаарын цохилтын тал гаруй хувь нь Украины нийслэл Киевийг онилсныг албаныхан мэдээлсэн юм.
Тодруулбал, энэ удаагийн цохилтын улмаас нийслэл Киевт нэг хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархадсан байна. Түүнчлэн Оросын армийн агаарын цохилт Одесс хотын эрчим хүчний байгууламжийг онилжээ. Харин Украины талаас 55 пуужингийн цохилт илрүүлсний 47-г нь амжилттай устгаснаа мэдэгдсэн.
Украины албаныхны хэлж буйгаар “Дайралтын зорилго өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй. Тэд сэтгэл зүйн дарамт үзүүлж, эрчим хүчний байгууламжуудыг онилсоор байна” гэжээ. Оросын эрх баригчид НАТО-гийн орнууд Украинд зэвсгийн туслалцаа үзүүлсээр байвал дайныг улам даамжруулна гэдгийг удаа дараалан мэдэгдсээр байна.
Одоогийн байдлаар Их Британи “Challenger 2” танк, АНУ “M1 Abrams” танк, ХБНГУ “Leopard 2” танк нийлүүлэхээ мэдэгдээд байгаа юм.
Эх сурвалж: AL JAZEERA, AP NEWS