2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолд болсон үймээний улмаас АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын цахим хаягуудыг хаасан. Ийнхүү хоёр жилийн дараа түүний хаягуудыг буцаан сэргээнэ гэдгийг Мета компаниас мэдэгдлээ.
Гэхдээ нэгдүгээр сарын 6 шиг хэрэг давтан гарахаас сэргийлж зарим нэг хязгаарлалтыг Доналд Трампд тавих юм байна. Тодруулбал, Мета компанийн гадаад харилцаа эрхэлсэн захирал “Доналд Трамп дахин зөрчилтэй мэдээ мэдээлэл нийтэлсэн тохиолдолд тухайн мэдээллийг устгаад зогсохгүй, хэр хүчирхийлэл өдөөх шинжтэй байгаагаас нь шалтгаалж нэг сараас хоёр жилийн хугацаанд хаягийг нь дахин хаана” гэж мэдээлсэн байна.
Харин өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Элон Маск Твиттер хэрэглэгчдээс санал асуулга авсны дараахан түүний хаягийг мөн нээж байсан юм.
Эх сурвалж: DW