Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Хурлаар Газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа. Засгийн гарын 2022 оны 51 дүгээр тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт баригдах “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан юм. Уг тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгожээ.
Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га талбай бөгөөд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэхээр танилцуулсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, тус газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг НИТХ-д өргөн барьж, хэлэлцүүлэхээр болов.
ОРЛОГОД НИЙЦСЭН ОРОН СУУЦНЫ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын аманд орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэх эрх олгох тухай асуудлыг Нийслэлийн Орон сууцны корпораци /НОСК/ ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан танилцуулав.
Тус төслийг нийслэлийн төв цэгээс 17.4 км-ийн зайд хэрэгжүүлэх бөгөөд цэвэр, бохир ус, цахилгаан, дулааны шугамыг 2007-2013 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар хийжээ. Орлогод нийцсэн орон сууцны дээрх төсөлд “Сайхан төмөрт” ХХК шалгарч, сонгогдсон талбарт өөрийн хөрөнгөөр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий 28 блок нийт 1764 айлын орон сууц, 320 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн цэцэрлэг, үйлчилгээний төвийн зургаан барилга барих санал ирүүлжээ. Төсөл 2023-2028 онд хэрэгжих юм.
Зөвлөлийн хурлаар орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан “Сайхан төмөрт” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах” гэрээг байгуулж, цаашид талууд хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрхийг НОСК-д олголоо.