Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй “Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа “Шинэ 100 айл” төвд зургаа дахь өдрөө үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм.
Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.
Г.ГАНГАМӨРӨН: САР ШИНИЙН БАЯРЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ДОТООДООСОО ХАНГАСНААР МӨНГӨН УРСГАЛЫГ ЭХ ОРОНДОО ҮЛДЭЭНЭ
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Амар байна уу 2023” үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны үеэр бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн стандартад хяналт тавих, хэв журмыг сахиулах зэргээр нийслэлийн харьяа 10 гаруй байгууллага хамтран ажиллаж байна. Эдийн засаг хүнд, валютын ханш өссөн энэ үед үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид маань түрээсийн төлбөр огт төлөлгүйгээр 30 хоногийн турш бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж, худалдаалах нөхцөл бүрдэж байна. Улсын хэмжээнд 920 мянган өрх, нийслэлийн хэмжээнд 418 мянган өрх бий. Эдгээр өрх Сар шинийн баярын хэрэгцээгээ дотоодоосоо хангаснаар мөнгөн урсгалыг эх орондоо үлдээж, ажлын байрыг хадгалах, эдийн засгаа эрчимжүүлэхэд нэмэр болно.
Нөгөө талаас жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд хамтын ажиллагаагаа тэлэх, үндэсний хэмжээний томоохон компани, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, түүхий эд нийлүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлэхийг бид зорилоо. Түүнчлэн бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийг даван туулах, эдэлж болох хөнгөлөлт, гарц шийдлүүдийн талаарх мэдээллийг нэг цэгээс хүргэж байна. Үйлдвэрлэл эрхлэгчдээс бид бараа, бүтээгдэхүүнийхээ нөөцийг базаах, чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангах, үнийг хамгийн доод хэмжээнд барихыг хүссэн” гэв.
Б.ОЮУНЦЭЦЭГ: ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙ ТУЛ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ХАМГИЙН ХЯМДААР БОРЛУУЛЖ БАЙНА
Үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэл эрхлэгчид болон зорьж ирсэн иргэд сэтгэгдлээ хуваалцлаа.
Дархан-Уул аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч Б.Оюунцэцэг “Би 2011 оноос зөгийн аж ахуй эрхэлж байна. Сар шинийн баярыг угтсан худалдаа, арга хэмжээнд өмнө нь ч цөөнгүй оролцож байсан. Энэ жилийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгч биднийг дэмжсэн, өргөн дэлгэр арга хэмжээг зохион байгуулж байгаад маш их талархаж байна. Түрээсийн төлбөр огт төлөхгүй учир бүтээгдэхүүнээ бид хамгийн хямдаар борлуулж байна. Тухайлбал, улсын бүртгэлийн дугаартай, чанарын баталгаатай, цэвэр зөгийн балаа нэг кг-ыг нь 25 мянган төгрөг буюу бөөнийхөөс ч доогуур үнээр худалдаалж байна” гэлээ.
Худалдан авагч Т.Болд “Сар шинийг угтсан үзэсгэлэн худалдааг зорьж ирлээ. Би өөрөө эмч хүн. Тиймээс хүнсний бүтээгдэхүүн сонгохдоо цэвэр, байгалийн гаралтай байхыг чухалчилж худалдан авдаг. Монголынхоо үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр, өргөн сонголттойгоор хүргэж байгаа нь маш их таалагдаж байна” гэлээ.
“ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧИД НИЙСЛЭЛИЙНХЭНДЭЭ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАНИУЛАХ, БОРЛУУЛАХ БОЛОМЖ ОЛДЛОО”
Баянхонгор аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгч М.Дэлгэрмаа “Бид Баянхонгор аймгаас ирж оролцож байна. Шарж утсан мах, царцаамаг, салат, кимчи зэрэг бүтээгдэхүүнийг тав дахь жилдээ үйлдвэрлэж байна. Үхэр, адуу, хонь, ямааны шарж утаж ороосон мах, царцаамаг, чанаж утсан гүзээ зэрэг бүтээгдэхүүнээ нөөцөлж ирсэн. Тав хоногийн хугацаанд 150 кг мах, 200 кг царцаамаг борлууллаа. Тун удахгүй дахиад мах, царцаамаг авчирна. Хүмүүс ч их ирж байна, худалдаа ч сайн байна.
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн хувьд нийслэлийнхэндээ бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломж олгож байгаад маш их талархаж байна. Бид зөвхөн нутагтаа л бараа борлуулаад байхгүй, өөр аймаг, хот руу бас нийлүүлэх боломжтойг олж харлаа” гэв.
М.ДАВААЖАРГАЛ: ТУХТАЙ, ДУЛААХАН, САЙХАН ТӨВД ТҮРЭЭСИЙН ТӨЛБӨРГҮЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ БОРЛУУЛЖ БАЙНА
Архангай аймгийн Чулуут сумын жижиг, дунд бизнес эрхлэгч М.Даваажаргал “Сар шинийн баярыг угтсан угтсан үзэсгэлэн, арга хэмжээнд зургаа дахь жилдээ оролцож, 16 төрлийн ааруул борлуулж байна. Өмнөх жилүүдийн хувьд хүйтэнд гадаа зогсох, түрээсийн төлбөр төлөх гээд асуудлууд гарч байлаа. Энэ жил илүү тухтай, дулаахан, сайхан төвд түрээсийн төлбөргүй бүтээгдэхүүнээ борлуулж буйд сэтгэл хангалуун байна. Мөн бизнес эрхэлж байгаа хүмүүст зориулаад олон төрлийн мэдээлэл өгч байна. Бид 2.6 тонн нөөц бүтээгдэхүүнтэй ирсэн, үнээ орц нормоос нь хамааруулан 18-27 мянган төгрөгийн хооронд тогтоолоо. Чанартай, эрүүл, амттай бүтээгдэхүүнээ хямд үнээр худалдан авахыг иргэддээ уриалж байна” гэсэн юм.