Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Хорхе Родригесыг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Куба Улс хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийг 2023 онд даргалж буйд баяр хүргээд НҮБ-ын хүрээний яриа хэлэлцээнд хөгжиж буй орнуудын ашиг сонирхлыг тууштай хамгаалах ажилд нь амжилт хүсэв.
Мөн цар тахлын дараах эргэн сэргэлт, ядуурал, тэгш бус байдал, санхүү, эдийн засаг, хүнс, эрчим хүчний хямрал, геополитикийн нөхцөл байдал, өрийн дарамтыг бууруулах зэрэг сорилт бэрхшээлийг даван туулах, шийдвэрлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагаанд 77-гийн бүлгийн гишүүн орнууд Куба улсын манлайлал дор ашиг сонирхлоо хамгаалан, идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Хорхе Родригес Хавана хотноо 2023 оны нэгдүгээр сарын 30-наас хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд болох “Pedagogy 2023” олон улсын арга хэмжээнд Монгол Улсаас БШУ-ны дэд сайд Г.Ганбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцох болсонд талархал илэрхийлж, Куба улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригес Пария-гийн мэндийг уламжилж, захидал гардуулав.