Монгол түмэн энэ жил хоёрдугаар сарын 21-нд шинэлж, Цагаа сараа тэмдэглэнэ. “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн өнгө, заслын талаар Үржан Хажодлин хийдийн зурхайч Л.Чойжилсүрэнтэй ярилцлаа.
Тэрбээр “Үзэсгэлэн хэмээгч усан туулай жилийн мэндийг монгол түмэндээ айлтгая. Туулай жилд хур усан цагтаа орно. Тариаланчид тариа, ногоогоо ахиухан дарахад ихийг хураахаар байна. Төр шашны тухайд үймээнгүй, тайван байх нь. Ирэх жил эв эедээ орно. Учир нь төрийн түшээд төрөө тэтгэнэ. Ард түмэн амгалан тайван байна. Сэтгэл нь амгалан бол үймээн гарах нь бага шүү дээ. Дуу хуур, найр наадам элбэг байна гэсэн ийм зураг гарлаа.
Эдийн засгийн хувьд сэргэх хандлага байна. Боовны зурхайгаар үзэхэд 12 хүнд 11 амуу байна. Нэг хүнд бараг нэг шуудай таарлаа. Тэгэхээр эдийн засаг, иргэдийн амьдрал сэргэнэ ээ.
Туулай жил настанд ээлтэй, залууст ердийн, нялхаст ширүүн жил болох нь.
Бэрийн зурхай гэж тусдаа зурхай бий. Энэ зурхай бэрээс нь эхэлж үздэг. Бэрийн зурхайгаар туулай жил морь, хулгана, тахиа, туулай жилтнүүд хурим хийхэд тохиромжгүй. Мөн мэнгэ нь голлосон хүн тухайн жилдээ хурим хийдэггүй.
Зарим хүн “Бар жил хурим хийдэггүй” гэж цээрлэдэг. Хүмүүсийн аман яриа л болохоос хурим хийдэггүй жил гэж огт байхгүй. Гол нь тэр жилийнхээ харш, ивээлээс шалтгаалдаг. Ер нь бар жил бич, шишид хоёр жил хурим хийдэггүй.
Туулай жил эхнэр авахад сайн гэж үздэг. Учир нь туулай жилд хоёр төллөдөг амьтан. Тиймээс туулай зүгт эмэгтэй, бар зүгт эрэгтэй хүн суудаг гэж бэрийн зурхайд байдаг.
Энэ жил хулгана, морьтой хүмүүсийн дайсан жил орох тул заслаа хийлгэх хэрэгтэй. Гахай, хонь жилтнүүд ивээл болохоор хийморь нь доройтдог. Ивээл жил нь гарч байгаа тул хийморь, сүлдээ дуудуулж, анхаарах хэрэгтэй” гэлээ.