Афган эмэгтэйчүүд Талибуудын хориг арга хэмжээ тэдний амьдралд хэрхэн нөлөөлж байгааг BBC-д хуваалцжээ. “Талибан” 2021 онд засгийн эрхийг авснаас хойш Афганистан дахь эмэгтэйчүүдийн эрх ихээр зөрчигдөж буй. Тухайлбал, тэднийг их, дээд сургуульд суралцахыг хориглож, тус улсад үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудад ажиллахыг нь хориглосноор олон улсын шүүмжлэлийг дагуулаад удаагүй байна. Ийнхүү эмэгтэйчүүд тэдний амьдралд ямар өөрчлөлт орсныг дараах байдлаар хуваалцжээ.
Дуу оруулагч эмэгтэй
“Яг одоо оройн хоолны цаг болж байна. Би хоолоо идчихээд өрөөндөө очиж, кино үзнэ. Одоогийн нөхцөл байдал маань үнэхээр таалагдахгүй байна. Учир нь жирийн ийм өдрүүдэд би ажлаа хийж, суралцдаг байсан. Харин одоо аль нь ч боломжгүй боллоо. Өмнө нь найзуудаараа сайн үнэлгээ авах гэж уралдаж хичээлээ хийгээд л… сайхан цаг үе байж дээ”
Сургуулийн багш
“Ажилгүйдлээс болж олон ч хүн гадагш явж, газрууд хаагдаж байна. Нийт хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдэж, 97 хувь нь ядуу амьдарч байна. Хүмүүсийн эдийн засгийн байр суурьт өөрчлөлт хамгийн ихээр мэдрэгдэж байна”
Сэтгэл судлаач
“Яг л амьсгалж чадахгүй мэт мэдрэмж төрж байна. Тэд биднийг зүгээр л явж байхад хаашаа явж байна, яах гэж явж байгаа зэргийг асуудаг. Энэ чинь чимээгүй аллага шүү дээ. Толгойнд минь буу тулгаагүй ч айдсаар минь намайг хэдийн хөнөөчихсөн гэж хэлж болно”
Тусламжийн ажилтан
“Өмнө нь би 16 цаг гэж ажлаа тарчхаад, замаараа кафе орж, найзуудтайгаа цагийг зугаатай өнгөрөөдөг байлаа. Харин Талибууд засгийн эрхийг авснаас хойш бушуухан харьж, тэдэнтэй тааралдахгүй байхыг хичээдэг болсон. Одоо би ажлаа ч алдаж, гарч ч чадахгүй байна. Ирээдүйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөхөд маш бэрх байна.”
Дээрх эмэгтэйчүүд энгийн нэг өдрийнхөө талаар ийн мэдээлсэн. Энэ мэтчилэн Талибаны дор Афганистан дахь эмэгтэйчүүдийн нөхцөл байдал хүндхэн байгааг олон улсын хамтын нийгэмлэгээс сануулсан ч тодорхой шийдэл, үр дүн гарч чадаагүй байгаа юм.
Эх сурвалж: BBC