95 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол гуравдугаар сарын 13-нд зохион байгуулагдана. Энэ жил өрсөлдөх номинациудыг өчигдөр танилцуулсан ба зөгнөлт, инээдмийн төрлийн “Everything Everywhere All at once” кино нийт 11 шагналд нэр дэвшиж, тэргүүллээ.
“Daniels” нэрээрээ алдаршсан Даниел Куан, Даниел Шайнарт нарын энэхүү бүтээл нь компьютер график ашигласнаасаа авхуулаад олон ертөнцийн (multiverse) тухай сонирхолтой үйл явдлуудыг тусгаснаараа өнгөрсөн оны онцлох кинонуудын нэгт зүй ёсоор бичигдсэн юм. Түүнчлэн гол дүрийг бүтээсэн жүжигчин Мишель Ёо хэдийн “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон тул энэ удаад ч түүнийг ялах магадлалтай гэж үзэж буй шүүмжлэгчид цөөнгүй байна.
Үүний араас нийт есөн номинацид нэр дэвшсэн “All quiet on the western front”, “The Banshees of Inisherin” зэрэг бүтээлүүд бичигдэж буй. Мөн кинотеатруудыг “тун завгүй” байлгасан кинонууд болох “Avatar: The Way of Water”, “Top Gun: Maverick” нар Оскарын шагнал гардуулах ёслолын хамгийн том шагнал болох “Шилдэг бүтээл”-д нэр дэвшжээ. Лейди Гага, Рианна нар ч өрсөлдөөнд орж ирснийг онцлох нь зүйтэй. Харин энэ жилийн Оскарын шагнал гардуулах ёслолыг Жимми Киммел хөтлөхөөр болжээ.
Эх сурвалж: CNN