ГССҮТ-ийн Түлэнхийн төв түлэгдлийн хүнд зэрэгтэй иргэдийг хүлээж авч эмчилгээ хийдэг. Гэтэл үүний хажуугаар осгосон, гар хуруугаа хөлдөөсөн иргэд төвийн ачааллыг нэмэх болжээ. Өчигдрийн 11 цагийн байдлаар Түлэнхийн төвд 74 хүн хэвтэн эмчлүүлж байсан. Үүний 30 гаруй нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осгосон, гар хөлөө хөлдөөсөн иргэд байна. Тэр дундаа орон гэргүй иргэд архи ууж, осгосон байдалтай ирж байгааг Түлэнхийн төвөөс мэдээллээ. Осголт, хөлдөлт бол сэргийлж болох эрсдэл. Тиймээс архи согтууруулах ундааг тохируулж хэрэглэх, хүүхдэээ хараа хяналттай байлгахыг эмч нар захилаа. Хүний гар, хөл гүн хөлдсөн үед тайрахаас өөр сонголтгүй учраас хоромхон зуурын сонор сэрэмжээ алдаж, хайнга байдал гаргаснаас болж, амь нас, эрүүл мэндээ дэнчин тавихгүй байхыг анхаарууллаа.
ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ТАЛ НЬ ХҮҮХДҮҮД
Хүйтний эрч чангарсан үед хүүхдүүд гар хөлөө хөлдөөх, хайруулах тохиолдол их гарч байгааг Түлэнхийн төвийн эмч нар онцгойлон анхааруулж байна. Иймээс эцэг эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг захиж байна. Тухайлбал, уржигдар буюу энэ сарын 23-нд дөрвөн настай хүүхэд гэрээсээ гарч явсны улмаас хөлөө хөлдөөсөн байна. Гүн хөлдөлттэй байсан учраас хурууг тайрах мэс засал хийхээс өөр аргагүйд хүрчээ. Энэ талаар Түлэнхийн төвийн тасгийн эрхлэгч ярихдаа “Энэ жил малд явж байгаад хоёр гарын 8 хурууг хөлдөөсөн тохиолдол гарсан. Өнгөц хөлдөлттэй байсан. Гэхдээ энэ хүүхэд алсдаа өсөлтийн бүс гэмтсэнтэй холбоотойгоор гар хуруу өсөхгүй, томрохгүй байх магадлалтай. Тиймээс өнгөц хөлдөлт гэж тайвширч болохгүй. Гоо сайханд маш их хор хохирол учруулдаг учрааас эцэг эхчүүд хүүхдэдээ анхаармаар байна. Хүүхэд тоглоомондоо улайраад анзаарахгүй явсаар хацраа хайруулах, хөл гараа хөлдөөх тохиолдол гарч байна. Өчигдөр л гэхэд гэрт нь хүн байхгүй байхад хүүхэд нь гарч яваад, хөлөө хөлдөөсөн тохиолдол гарсан. Энэ хүүхэд хөлөө тайруулна. Тавхайн хэсгээрээ хоёр хөлөө тайруулахаар байна. Гүн хөлдөлттэй үед гар хуруу дандаа тайрагддаг. “Хүйтний үед бага насны хүүхдээ анхаараач ээ. Хүүхдүүд чинь хөлдөөд байна шүү” гэж л эцэг эхчүүдэд дахин дахин захимаар байна. Ер нь, Түлэнхийн төвд гар хөлөө хөлдөөсөн 0-16 насны хүүхдүүд жилд 5-7 ирдэг , дээд талдаа 10 болдог тохиолдол байдаг. Гэтэл энэ жилийн хувьд 7 хоногийн дотор 3 хүүхэд ирж байна. Эрсдэл их байна” гэсэн юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.