Харийн оронд 13 жил ажиллаж, амьдран эх орон, эцэг эхээсээ хол байхын зовлонг амссан залуу уран бүтээлч Б.Санчир анхны уран бүтээлээ Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулжээ. “Уул ус минь үгүйлээд байдаг юм билээ” нэртэй энэхүү дууг түүний өвөө 30 жилийн өмнө дуулж байсан юм. Бид уран бүтээлч Б.Санчиртай дууны агуулга болон эх орны үнэ цэнийн талаар цөөн хором ярилцлаа.
Тэрбээр, “Сайн байцгаана уу? Би Архангай аймагт төрж өссөн. СУИС-д сурч, гадаад руу амьдрал хөөж явдаг хүмүүсийн адилаар явсан. Хятад улсад 13 жил ажиллаж, амьдарч байгаад хоёр жилийн өмнө эх орондоо ирсэн юм. Одоо продюсер, хөгжмийн найруулгын чиглэлээр ажиллаад хажуугаар нь дуулж байна.
“Уул ус минь үгүйлээд байдаг юм билээ” дууг яагаад анхны уран бүтээлээ болгож хийж байгаа вэ гэхээр хүний газар ямар хэцүү байдгийг, магадгүй өнөөдөр амьдрал тэнд болоод байгаа юм шиг боловч үнэ цэн алдагдаж байдгийг 13 жил, харь оронд байсны үндсэн дээр ойлгосон. Энэ дуу миний амьдралтай их ойрхон. Намайг бага залуу байхад, гурван дүү маань жаахан байхад, манай ээж бурхны оронд очсон. Тэр үед амьдрал хатуу гэдгийг ойлгож байлаа. Энэ дууны үгэнд “Нутагтаа очихгүй бол нугадаа шингэсэн ээж минь өмөлздөг, аав минь өмөлздөг” гээд надад их ойрхон байсан болохоор дуулсан. Дууны ерөнхий утга нь гэр орондоо харих юм сан. Нутагтаа очоорой. Өвгөд буурлууд, ээж аав дээрээ очоорой гэсэн санааг л илэрхийлнэ.
Харангын Лхагва ахтай дуулъя гээд, ирснээсээ гурван сарын дараа очиж уулзахад, ах их найрсаг хүлээж авсан. Жил гаруй ярилцаж явж байгаад өнгөрсөн онд дуулан, клип хийлээ. Анх Зангад гуай дуулаад, ард нь манай өвөө дуулсан юм. Өвөө маань 20 гаруй жил дуулсан. Намайг өсөхөд л хажууд дагаж явсан дуу гэсэн үг. “Энэ дуу эзнээ олж байна” гэж өвөө минь надад хэлсэн.
Хүний хуулин доор, хүний хүмүүстэй, ээж аав, ар гэр, нутаг уснаасаа хол байна гэдэг бол маш их зовлон. Монгол Улсын дуучин гээд эх орноороо овоглуулаад явна гэдэг л аз жаргал. Энэ л өөрөө үнэ цэн. Монголдоо биш хил давахад үнэ цэн нь энэ.
S4-ийн найзуудтайгаа, УГЗ, хөгжмийн зохиол Чинбат ахтайгаа, Emotion хамтлагтайгаа, дуучин Мишээлтэйгээ гээд сэтгэл санаа нийлсэн ах дүү, найз нөхөдтэйгөө нийлээд продакшн үүсгээд ажиллаж байна. Монголынхоо ард түмэнд чадах ядахаараа сайн, чанартай уран бүтээл хийж толилуулж байх болно" гэлээ.
Уран бүтээлийг ЭНД дарж үзнэ үү