БНСУ-д хөдөлмөрийн чадвартай бүх эрчүүд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. К-поп-ын томоохон одод ч үүнд хамаардаг билээ. Хамтлагийн, уран бүтээлчийн карьер нь ид өсөж явах үед цэрэгт татагдах нь К-поп одуудын хувьд хүндхэн бэрхшээл байсан тохиолдол олон. Гэвч сүүлийн үед цэргээс халагдаж ирснийхээ дараа хамтлагтаа эргэн орж, уран бүтээлээ туурвих явдал түгээмэл болсон.
2023 онд олон алдартай уран бүтээлчид цэргээс халагдах юм байна. Хамгийн эхэнд буюу нэгдүгээр сарын 27-нд халагдах уран бүтээлч бол Victon хамтлагийн Хан Сон Ү. Зургаан гишүүнтэй Victon хамтлагийн хамгийн ахмад нь болох тэрээр 2021 оны долоодугаар сард цэрэгт татагдсан юм. Түүний дараа хоёрдугаар сард Exo хамтлагийн Бекхён халагдах тухай мэдээ олон шүтэн бишрэгчдийг нь баярлуулж байна. Тэрээр 2021 оны тавдугаар сард элссэн ба хамтлагаасаа цэргийн албанд татагдсан тав дахь гишүүн нь болж байсан билээ. Ташрамд дурдахад, Бэкхён гипотиреодизмын улмаас цэргийн алба хаагчийн оронд нийгмийн үйлчилгээний ажилтан байхаар томилогдсон юм.
Ийнхүү 2023 онд шүтэн бишрэгчид нь Exo хамтлагийг бүрэн бүрэлдэхүүнээрээ дахин уран бүтээлээ хийнэ гэж найдаж байна. Учир нь хамтлагийн ахлагч Сухо нэгдүгээр сарын 1-нд цахим хуудаснаа “2023 онд Exo хамтлаг эргэн ирнэ” гэж хуваалцсан юм. Түүнчлэн Shinee хамтлагийн Тэмин, Day6 хамтлагийн Young K, Monsta X хамтлагийн Shownu нар энэ жил цэргийн албаа хааж дуусгана.
Эх сурвалж: KOREA HERALD