
Аляскад “Mo Mountain Mutss” гэх нэртэй нохой салхилуулж, сургадаг үйлчилгээ үзүүлдэг байгууллагыг нэгэн эхнэр, нөхөр хоёр ажиллуулдаг аж. Харин тэдний ажиллах арга барил зөвхөн Аляска төдийгүй интернэт ертөнц дэх хэрэглэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. Тэд нохой салхилуулахдаа тусгай автобусанд суулгадаг ба энэ зөвхөн нохойнд зориулсан автобус юм. Ноход хэдийнээ өөрсдийн суудлыг мэддэг болсон нь цахим сүлжээнд цацагдсан бичлэгүүдээс харагдаж байна. Тэдэнд суудлын бүсний оронд хүзүүвч зүүж өгдөг аж.
Сургагч эхнэр нөхрийн хэлж буйгаар шинээр орж ирсэн нохдыг тусгай суудалд суулгадаг, хэсэг хугацаа өнгөрсний дараа тэд өөрсдөө суудлаа олоод суучихдаг гэнэ.
Мөн олон нийтэд цацагдсан бичлэгүүд дээр ноход яагаад ийм томоотой байгааг асуухад “Тэд анх орж ирэхдээ ямар байсныг та нар төсөөлөхгүй дээ” гэж хариулжээ. Амьтан сургах үйлчилгээнд цоо шинэ арга барил оруулж ирсэн эхнэр нөхөр хоёрыг томоохон хэвлэлүүд ийнхүү онцолж байна.
Эх сурвалж: BBC, KCRA, NPG