Бэлгийн хүчирхийллийн улмаас хохирсон иргэдийн 60 хувь нь 16 нас хүрээгүй. 53,8 хувь нь бага насны хүүхдүүд байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Дээрх гэмт хэрэг үйлдэгсдийн 86 хувь нь хохирогчтой гэр бүл, төрөл садан, танилын харилцаатай. 46.8 хувь нь гэмт хэрэг үйлдэхдээ архи согтууруулах ундаа хэрэглсэн байсан талаар өнгөрсөн долоо хоногт УЕПГ-аас мэдээлсэн.
ЭЦЭГ ЭХЧҮҮДИЙН ҮЛ ХАЙХРАХ ХҮЧИРХИЙЛЛЭЭС ҮҮДЭН, ХҮҮХДҮҮД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД ӨРТӨЖ БАЙНА
Бид ХЭҮТ-ийн хуулийн зөвлөх Ч.Одончимэгтэй уулзахад тухайн төвийн хамгаалалтын байранд бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны 20 хүүхэд байгааг хэлж, үүнд архины хамааралтай өрхийн хүүхдүүд их өртөж буй талаар ярилаа.
Тэрбээр, “Сүүлийн жилүүдэд охид ойр дотнын, хамаатан садны, ураг төрлийн хооронд бэлгийн хүчирхийлэлд өртөж, ихээр ирж байна. Үл хайхрах хүчирхийллийн улмаас хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж байна гэж ойлгож болно. Тэр дундаа архины хамааралтай гэр бүлүүдийн дунд өсөж амьдарч байгаа хүүхдүүд, ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа. 2-5 жил бэлгийн хүчирхийлэлд өртсөн тохиолдол ч манайд байна. Тухайн хүүхэд өнөөдрийг хүртэл хамгаалах байранд бий. Энэ бол маш харамсмаар үйл явдал. Анхаарах ёстой нийгмийн чухал асуудал мөн” гэв.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдийн сэтгэл зүй, ирээдүйн амьдралд үзүүлэх нөлөө, хүчирхийллийн улмаас бий болсон сэтгэл зүйн асуудлаа хэрхэн эмчлэх талаар бид сэтгэл зүйч Я.Батхүүгээс тодруулахад:
-Өсвөр насны хүүхдийн ирээдүйн амьдралын чанарт маш хортойгоор нөлөөлдөг. Хүүхдийн сэтгэл зүйг зэрэмдэглэдэг хамгийн хүнд хүчирхийлэл бол бэлгийн хүчирхийлэл. Мэдээж хүчирхийлэлд өртсөн учраас айж түгших, түүнээс болж сэтгэл гутралд орох асуудал үүснэ. Улмаар амиа егүүтгэх бодол санаа үүсэх, оролдлого хийх зэргээр сэтгэл санаа нь гэмтдэг. Зайлшгүй сэтгэл зүйн засал эмчилгээ хийлгэх шаардлагатай байдаг. Манай нийгэмд энэ орхигддог. Энэ нь орхигдоод зургаан сарын дараа юу болдог гэхээр, дасан зохицохуйн эмгэг рүү шилждэг.
Бага насандаа бэлгийн чиг хандлага нь уламжлалт хэвийн байж байгаад, олон удаагийн эсрэг хүйстний хүчирхийлэлд өртсөнөөр эрэгтэй хүнийг үзэн ядаж жигших тохиолдол цөөн биш. Энэ байдлаасаа болж, өөрийнхөө найз бүсгүйд дурлан татагдаж лесби, бисексуал зан үйлийг нэвтрүүлэх гэж оролдож байгаа хохирогч нар над дээр нэг биш удаа ирж байсан.
ХҮЧИРХИЙЛЭГЧИЙГ ХҮЧЭЭР ДАЛАЙЛГААД АСУУДАЛ ШИЙДЭГДЭХГҮЙ
Хохирогч өнөөдөр хэнд хандахаа мэддэггүй. Үүнээс үүдэн гэмт хэрэг нуун дарагдах, давтагдах даамжрах шинж тэмдгүүд илрээд байдаг. Монголын нийгэм үүн дээр хууль эрх зүйн байлыг чангаруулах байдлаар хандаад байгаа юм. Хүчирхийлэгчийг хуулиар далайлгаж хүчээр энэ асуудлыг шийднэ гэх юм бол тэр хүний сэдлийг идэвхжүүлэх байдалд оруулна гэж үздэг. Суртачлах, танин мэдэхүйн боловсрол олгох, таниулах ажил дутагдалтай байна гэж хэлэх гэж байгаа юм гэв.