Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн удирдлагатай уулзан, төслүүдийн явцтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцлоо. Энэ үеэр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төслийн зохицуулагч Д.Нямдорж хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр шаардлагатай талаар мэдээлэв.
Тэрээр “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл Азийн хөгжлийн банкны Ази, Номхон далайн бүсийн тогтвортой хөгжлийн Япон сангаас санхүүжиж байгаа. Энэ нь иргэд, байгууллагын оролцоотой хүнсний хог хаягдлаа дахин боловсруулах туршилт хийх төсөл бөгөөд үндсэн гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Хүнсний хаягдлыг дахин боловсруулах хувилбарыг тодорхой болгох ажил 98 хувьтай хэрэгжиж байна. Мөн хүнсний хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах хүрээнд 50 өрх, таван байгууллагад туршилт, судалгаа хийж, хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр байгуулах юм.
Улаанбаатар хотын иргэд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг”-ээс 30 орчим хувь нь буюу 420 мянган тонн нь хүнсний хог хаягдал байдаг байна. Төсөл хэрэгжсэнээр туршилтын үр дүнд тулгуурлан хүнсний хог хаягдлыг боловсруулдаг болох эсэхийг тодорхойлох юм.
Нэг тонн хүнсний хог хаягдлыг булшлахад гурван тонн нүүрстөрөгчийн давхар исэл ялгардаг. Энэ нь илүү байгаль орчинд сөрөг нөлөөтэй бөгөөд үүнийг дахин боловсруулах үйлдвэр нэн зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн төсөл хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна” гэв.