Сар шинийн баяр болоход ганцхан сарын хугацаа үлдээд байна. Айлууд бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Бид Хүчит шонхор худалдааны төвд очиход гадаа машины тэвшинд ууц, өвчүү эгнүүлэн худалдаалж байв. Хүйтэн болоод ч тэр үү, хүний хөл хөдөлгөөн бага байлаа. Харин хөдөө орон нутгаас ирж мах борлуулж байгаа хүмүүс “Хүйтэндээ ч биш. Ирээд нэлээн хэд хонолоо. Борлуулалт муу байна. Хүмүүс жин бага татах ууц байна уу” гэж асуугаад хэд тойроод явчих юм гэцгээж байлаа.
УУЦНЫ ДООД ҮНЭ 180 МЯНГАН ТӨГРӨГ
“Хүчит шонхор” худалдааны төвд ууцны үнэ дунджаар 180-350 хооронд хэлбэлзэж байна. Дундговь аймгаас ирж ууц борлуулж буй иргэн “30-40 кг татах ууцыг 300-350 мянган төгрөгөөр худалдаалж байна. Өдөртөө ганц нэгийг л борлуулж байна. Гүйлгээ тааруу байна” гэж байлаа. Өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байгаатай холбоотойгоор иргэд хаа хаанаа л хэрэглээгээ танаж байна. Иймээс ч цагаан сараа ч төсөрхөн хийхийг бодож байна гэж Хүчит шонхор худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэд хэлж байлаа.
УУЦ ХУДАЛДАЖ АВАХ БИТГИЙ ХЭЛ, ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭГЭЭ ТАНАЖ БАЙНА
Сүүлийн хагас жилд үнийн өсөлтөөс шалтгаалж цалин мөнгө үзэгдэхээ байлаа хэмээн иргэд ярьж байна. Мэдээж, Монгол хүн л юм болохоор сар шинээ тэмдэглэнэ. Гэхдээ өдөр тутамдаа мах шөл, гурил будаагаа авахад хэцүү байна гэв. Махны жижиглэнгийн худалдаа эрхлэгчид “Махны үнэ огцом өссөн юм байхгүй шүү дээ. Ханш хэвийн, боломжийн түвшинд байна. Жишээ нь үхрийн шулсан мах 12000-12500 төгрөгийн үнэтэй байна. Харин ястай мах нь 11000-11500 төгрөг. Зааланд хүн байхгүй байна шүү дээ. Худалдан авагчид улам л ховордож байна. Тэтгэвэр буух үеэр л хоёр, гурван өдөр гайгүй байна. Бусад үед нь хэцүү. Хүмүүс 2-3 кг-аар л мах худалдаж авч байна” гэсэн юм.
ТЭТГЭВРИЙНХЭЭ ТАЛААС ИЛҮҮ ХУВИЙГ ХҮНСЭНДЭЭ ЗАРЦУУЛЖ БАЙНА
Үнэ өссөн ч цалин нэмэгдэж базаагаагүй учраас амьдралд мэдэгдэхүйц нөлөө гарч, үнийн дарамт нуруунд ирж байгаа тухай иргэд ярьж байлаа. “25 кг будаа 90 мянган төгрөгөөр авсан. 23 мянган төгрөгөөр иймхэн л мах авлаа. Юмны үнэ ер нь өдрөөс өдөрт л өсөөд байх юм байна шүү дээ. Цагаан сараа одоо яажшуухан тэмдэглэдэг юм билээ. Би сард 500 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Сард гурилан бүтээгдэхүүнд гэхэд лав л 250 мянган төгрөг зарцуулж байна. Ер нь есдүгээр сараас хойш тэтгэвэр амьдралд хаанаа ч хүрэхгүй байна” гэж байлаа.
Сурвалжилгын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.