Төв аймгийн түүхэн хөгжлийн үнэ цэнийг тодруулан тэмдэглэж, түүхт 100 жилийн ойн хүрээнд түүхээ судлах, сурталчлах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх ажлын хүрээнд Төв аймгийн эрдэмтдийн чуулган, эрдэм шинжилгээний хурал боллоо.
Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар “2023 онд Төв аймгийн түүхэн 100 жилийн ой тохиож байна. Манай аймгаас 220 гаруй доктор, профессор эрдэмтэн судлаач, таван академич төрөн гарсан. Эдгээр эрдэмтэд маань Монгол улс, аймаг орон нутаг, дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ оруулж, эрдэм шинжилгээний ажлаа хийж, ажиллаж байна. Манай аймгийн хувьд үндэсний хэмжээний бүтээн байгуулалтууд өрнөж байна.
Манай аймаг 27 сумандаа хөгжлийг тэтгэсэн дэд бүтэц, төслүүдийг хэрэгжүүлж байна. Иргэдээ орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Мөн эрдэмтэн судлаачидтайгаа хамтран хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлалын стратеги зэрэг бодлогын баримт бичгүүдийг боловсруулан, аймаг орон нутгийн хөгжилд зориулан, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байна. 100 жилийн ойгоо ажил, хөдөлмөрийн их бүтээн байгуулалтаар угтахаар төлөвлөн ажиллаж байна. Манай аймаг их онцлогтой. Аймгийнхаа хүнсний хэрэгцээг хангаад зогсохгүй, нийслэл Улаанбаатар хот болон үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг үйлдвэрлэгч аймаг.
Бид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар, сум орон нутгаа эдийн засгийн бүтэцтэй болгох зорилт тавин ажиллаж байна. Монгол улсын хөгжилд, нэгдэл, сангийн аж ахуй, худалдаа бэлтгэлийн анги зэрэг эдийн засгийн бүтэц байсан. Энэ бүтцийг хувийн хэвшилдээ тулгуурлан бид сумддаа иргэд, малчид, тариаланчдаа хоршоо болгон нэгтгэж байна. Хоршоодыг хооронд нь нэгтгэж, мөн аж ахуйн нэгжүүдийг хамтад нь нэгтгэн дундын хоршоодыг байгуулан сум, орон нутагтаа үйл ажиллагаа явуулах стратеги төлөвлөлтийн дагуу ажиллаж байна. Ингэснээр сум, аймаг эдийн засгийн бүтэцтэй болно. Үүний зэрэгцээ сумандаа үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Үйлдвэрлэл хөгжсөнөөр орон нутагт ажлын байр нэмэгдэж, хөгжилд улам их түлхэц болно. Сумуудынхаа дэд бүтцийг сайжруулж байна. Манай аймгийн 16 сум хатуу хучилттай автозамаар холбогдлоо. 12 суманд нийтийн аж ахуйн цогц дэд бүтцийн төсөл эхлүүлсэн. Ингэснээр иргэд аятай тухтай ажиллаж, амьдрах боломж үүснэ” гэв.