Яруу найрагч Ц.Хуланг нэг сарын хугацаагаар цагдан хорьсон. Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас Эрүүгийн хуулийн 19-ийн 4.1 дэх заалтыг үндэслэн яллагдагчаар татаад байна. Түүнийг төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаад байна. Тэгвэл Уг асуудлаар Монголын Зохиолчдын Эвлэлээс/МЗЭ/ Тагнуулын Ерөнхий Газрын даргад хаягласан шаардлага хүргүүлжээ.
Шаардлагад яруу найрагч Ц.Хулан гэмт хэргийн хохирогч төдийгүй улс төрийн тэмцлийн золиос болох вий гэсэн хардлага төрж байгаа тул уг асуудлаар албан ёсоор хуулийн хугацаанд хариу ирүүлэхийг хүссэн байна.
Харин түүний том хүү У.Равдан цахим хуудсаараа дамжуулан, гэр бүлд нь тохиолдож буй цочирдом явдалд итгэх хэрэггүй гэж мэдээлсэн юм. Тэрээр “Би сайхан амьдралд тэмүүлж, гадаадад амьдарч буй олон залуусын нэг. Эхнэр дөрвөн хүүхдийн хамт Австрали улсад ажиллаж амьдарч байна. Миний гэр бүл болон ээжид маань тохиолдож буй аймшигт явдлын талаар өөрийн үгээ хэлэх гэсэн юм.
Та нар юунаас айж ийм хурдан, яаран, сандран хөдөлнө вэ. Бидэнд үүний цаана хэн байна вэ, ямар эрх ашиг нөлөөлж байна вэ гэх таамгууд олон байна.
Үүний нэг нь Зариг.мн сайтад яагаад ар гэр болон бусад хэн ч мэдээгүй, нууцын зэрэглэлтэй хэргийн үйл явцыг хэнээс ямар зорилгоор, хэрхэн олж авсан нь үнэхээр сонин байна. Санаатайгаар олонд буруу мэдээлэл түгээх зорилготой байж болзошгүй мэдээг удаа дараа мэдээллээ. Ямар хэрэг зохиогоод хорьчихов доо. Ээж минь олон жил өөрийн үзэл бодлоо хэнээс ч айлгүй шүлэг, нийтлэл, ном бүтээлээрээ илэрхийлсээр ирсэн.
Алдаа оноо нь ил, шулуун шударга ээжийг маань шийтгэхээр шийдсэн бол дахин сайн шалгаж, бодоорой. Найз нөхөд, танилууд нь битгий айгаарай, үгээ хэлээрэй. Шүүхийн шийдвэр нь эцэслэн гараагүй байхад хэнийг ч битгий яллаж байгаарай. Жинхэнэ эх орноосоо урвагчид хаана байна вэ, бодоорой хүмүүс ээ.
Миний гэр бүлд тохиолдож буй итгэмээргүй явдал хэрхэн үргэлжлэхийг би нарийн ажиглах болно. Миний ээж хэзээ ч эх орноосоо урвах хүн биш гэдгийг би эргэлзээгүй мэдэж байна. Дахиад нэг сайн тунгаан бодоорой, битгий итгээрэй” гэж байр сууриа илэрхийлжээ.