Хятадын шинээр томилогдсон Гадаад хэргийн сайд Чинь Ган цагаан сарын баярыг тохиолдуулан Вашингтонд болсон NBA-ын тоглолтын үеэр бичлэг хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлжээ.
Бээжингээс АНУ-д суугаа Элчин сайдаар 17 сарын турш ажилласан Чинь Ган бямба гарагт “Washington Wizards” болон “Orlando Magic” багуудын хооронд болж буй тэмцээний үеэр олон арван мянган сагсан бөмбөг сонирхогчдод хандан "Хятад, Америкийн ард түмэнд Туулай жил өнгөтэй, өөдтэй, цэцэглэн хөгжсөн жил байхыг хүсье” гэсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард Индонезид болсон Их-20-ийн бүлгийн уулзалтын үеэр БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар сүүлийн жилүүдэд хурцдаад байсан хоёр талын харилцаагаа сайжруулахаар хэлэлцсэн. Үүний дараахан Чинь Ган ийн мэндчилгээ дэвшүүлснийг хэвлэлүүд онцолж байна.
Мөн ирэх сард АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Хятадад айлчлах юм. Үүгээр зогсохгүй, энэ долоо хоногийн эхээр АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, БНХАУ-ын тэргүүн шадар сайд Лю Хэ нар Швейцарьт уулзах үеэрээ харилцан айлчлал хийхээр тохиролцсон. Ийнхүү дэлхийн хамгийн том эдийн засагтай орнуудын харилцаанд өөрчлөлт гарч магадгүй гэсэн таамгийг зарим шинжээчид дэвшүүлж байгаа юм.
Эх сурвалж: SCMP