Өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны зээлийн асуудлаар нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулсан нь үр ашиггүй зээлийн зарцуулалтууд олон нийтэд ил боллоо. Сонсголд нийт 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан юм. Зарим зээлийн мэдээллийг бид онцолж байна.
“ИЗИНИС ЭЙРВЭЙЗ” КОМПАНИ 1,7 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЗОРИУЛАЛТЫН БУСААР ЗАРЦУУЛЖЭЭ
“Изинис Эйрвэйз” компани хөгжлийн банкнаас нийт 22,9 тэрбум төгрөг зээлсэн ч зээлээ зориулалтын бусаар зарцуулсан, эргүүлэн төлөөгүй асуудал хөндөгдөж байна. Тодруулбал, тус компани нийт зээлээсээ 1.7 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байна. Ингэхдээ 325 сая төгрөгийг бэлнээр, 4 саяыг ам.доллараар шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ ашиглажээ. Мөн 300 сая төгрөгийг "Сарнайх" ХХК-д шилжүүлжээ. Үүнээс гадна, 7.5 тэрбум төгрөгөөр бусад арилжааны банкин дахь өөрийн бусад зээлээ хаажээ. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжилд жин дарахуйц хөгжлийн төсөл хэрэгжүүлнэ хэмээн их хэмжээний зээл авсан мөртлөө зориулалтын бусаар дур мэдэн зарцуулсан зөрчил ийнхүү ил болоод байна. Тус компанийн хувьцааны 30 хувийг эзэмшигч Э.Золзаяа баримт шинжлэх сонсголын үеэр “Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан гэдэгтэй санал нийлэхгүй” хэмээн хариулсан юм. Тэрээр УИХ-ын гишүүн асан Л.Элдэв-Очир, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нартай ойрын хамааралтай /бэр/ юм байна. Тиймээс ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гэр бүлийнхэн 20 гаруй тэрбум төгрөгийг хувьдаа хувааж авсан гэх шүүмжлэл нийгэм хүчтэй өрнөж байна.
ТОСК ХООСОН ГАЗАР БАРЬЦААЛСАН, ШАЛГУУР ХАНГААГҮЙ КОМПАНИД 29 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЗЭЭЛ АВЧ ӨГЧЭЭ
Хөгжлийн банкаар дамжуулан 29,1 сая америк долларын зээл авсан "Нью яармаг хаусинг прожект" төсөл их хэмжээний зээлийн зөрчилтэй байгаа нь анхаарал татаж байна. Тэд төслийн санхүүжилтийнхээ 1,2 сая ам.долларыг нь зориулалтын бусаар зарцуулжээ. Мөн 30 орчим сая америк долларын зээлээ авах үедээ зээлийн шаардлага хангаагүй байжээ. Тодруулбал, тус компани орон сууц барих газраа барьцаанд тавиад л ийм хэмжээний дүнтэй санхүүжилт авчээ. Гэхдээ зээлийг Төрийн орон сууцны корпораци авч, энэ компани гүйцэтгэгчээр нь ажилласан байдаг. Яагаад шалгуур хангаагүй компанийг сонгож, сонгон шалгаруулалтгүйгээр их хэмжээний санхүүжилт олгосон бэ гэдэг нь ч асуудал дагуулж байна. Тус компани бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх гэх асуудлыг олон нийт хөндөж тавьдаг.
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТ “ЗЭЭЛЭЭ ТӨЛӨХГҮЙ, ШОРОНД ОРНО” ГЭВ
Эрэл-ийн Б.Эрдэнэбатын Хөгжлийн банкнаас авсан зээл ч мөн асуудал дагуулж байна. Тэрбээр сонсголд оролцох үеэрээ “Төр амласнаа биелүүлээгүй. Худалдан авалт хийгээгүй учраас бид зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Цаашдаа ч зээлээ төлөх боломжгүй” хэмээн тайлбарласан юм.
“Байшин үйлдвэрлэх комбинат-1” төсөл нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотыг барилгажуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу анх 1963 онд Зөвлөлтийн барилгын 2 дугаар триестийн бүрэлдэхүүнд байгуулагдсан. БҮК-1 үйлдвэр нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, “Эрэл” ХХК-ийн эзэмших эрхтэй 20 га газарт байрладаг.
Тус үйлдвэрийг комбинатын 1994 онд “Эрэл” ББХК -тай 01 дугаартай гэрээг байгуулан хувьчилсан байдаг. Ингээд “Эрэл” компани 2013 оноос тус үйлдвэрийг шинэчлэх зорилгоор ХБНГУ-ын дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг суурилуулах төслийг эхлүүлсэн бөгөөд Хөгжлийн банкнаас гурван удаагийн буюу 14.0 сая ам доллар, 13.1 сая евро, 9.0 сая ам доллар буюу тухайн үеийн албан ханшаар нийт 72.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгожээ. Гэвч зээлээ эргүүлэн төлөөгүй, чанаргүй зээлдэгчийн ангилалд багтаад байна.
Зээлийн зарцуулалт нь ихээхэн анхаарал татаж байна. Б.Эрдэнэбат авсан нийт зээлээсээ 8,6 сая ам.долларыг нь данснаасаа гаргаж, хувийн хэрэглээндээ зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, зориулалтаар нь зарцуулаагүй. Ингэхдээ том хүү Э.Жаргаландаа 1,8 сая ам.доллар өгч, мөн эхнэртээ 1,3 сая ам.доллар бэлнээр өгчээ. Энэ мэт зээлийн зарцуулалт дээр ноцтой зөрчлийг тэд гаргасан байна. Тэрбээр сонсголын үеэр “Үүнийг бол би хүлээн зөвшөөрнө” гэж мэдэгдэв.
“Эрэл” компани нь Б.Эрдэнэбатын эхнэр болох Д.Сэргэлэнгийн нэр дээр 100 хувь эзэмшлээр улсын бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Хүү Э.Жаргалан нь гүйцэтгэх захирлаар ажилладаг байна. Гэвч тэд зээл авсан асуудалдаа Засгийн газрыг буруутгаж “Цаашид төртэй бизнес хийхгүй. Зээлээ төлөхгүй. Шоронд орно” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, их хэмжээний зээл авч барьсан барилгыг нь Засгийн газар худалдаж авах тохироотой байсан түүндээ хүрээгүйн улмаас хохирсон хэмээн тайлбарласаар байгаа юм. Өнгөрсөн хугацаанд Эрэл компанид холбогдох шүүх хурал 36 удаа хойшилсон байна. Дараагийн шүүх хуралдаан энэ сарын 27-нд товлогдоод байна.