Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44.2-т “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэсний дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг эцэслэн батлая гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь дэмжлээ. Мөн уг хуультай хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, эцсийн найруулгыг нь сонслоо.
Хууль батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ, хуулийн хэрэгжилтийн явцад хүний эрхийн зөрчил гарах эсэхэд Хүний эрхийн Үндэсний комисс онцгой анхаарч ажиллах нь зүйтэйг онцлов. Мөн хуулийн хэрэгжилтийг хангах, хяналтын зөвлөлийг сонгон шалгаруулах асуудлаар УИХ дахь АН, МАН-ын бүлгийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулах, цаашлаад иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь хүний эрхийн зөрчил гарвал хуулийн холбогдох заалтуудыг хянан үзээд 03 дугаар сарын 15-нд эхлэх УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлж, ажиллах чиглэлийг ажлын хэсэгт өгөв.