Холливудын алдарт жүжигчин Алек Болдуин, зураглаач Халина Хаченсийг кино зураг авалтын үеэр санамсаргүй хөнөөсөн хэрэг гарсан. Түүнийг хүний амь нас санамсаргүй хөнөөсөн хэргээр яллаж болзошгүй байна.
Тодруулбал, Жүжигчин эр 2021 оны 10-р сард “Rust” нэртэй киноны зураг авалтад бэлдэж байх үеэрээ эл хэргийг үйлджээ. Киноны хуягчин Ханна Гутиерезийг мөн энэ хэрэгт буруутгаж буй юм.
Шүүхээс тэдний хэргийг энэ сарын сүүлээр хэлэлцэх болсныг мэдэгдсэн байна. "Жүжигчин, продюсер Алек Болдуин, хуягчин Ханна Гутиеррез нарыг санамсаргүй аллага үйлдсэн гэсэн хоёр зүйл ангиар яллах болно. Хангалттай нотлох баримт бий" гэж мэдэгдэлд дурджээ. Хэрвээ тэднийг шүүхээс буруутай гэж үзвэл 18 сар хүтэл хоригдох ял, мөн 5000 долларын торгууль төлөх юм.
Түүнчлэн киноны туслах найруулагч Девид Холлсыг мөн үхлийн аюултай зэвсгийг болгоомжгүй ашигласан гэх үндэслэлээр буруутай гэж үзэн зургаан сарын тэнсэн харгалзах ял өгч болзошгүй. Хохирогчийн гэр бүлийн өмгөөлөгч “Нью Мексикод хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Халина Хаченсийн нөхөр тэднийг яллахыг дэмжиж байгаа” гэсэн бол Алек Болдуин, Ханна Гутиерез нарын өмгөөлөгч өөр бодолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна.
Алек Болдуины өмгөөлөгчийн хэлснээр “Тэр кинонд ашиглаж байсан буу сумтай байсан эсэхийг мэдээгүй. Тэр талбай дээр ажиллаж байсан мэргэжилтнүүдэд л итгэж байсан. Тиймээс бид энэ шударга бус зүйлтэй тэмцэх болно” гэжээ.
SOURCE: BBC