Технологийн аварга компаниудын нэг “Microsoft” орлогын өсөлт нь удааширч буй тул 10 мянга гаруй ажилтнаа гуравдугаар сарын 31-нийг хүртэл цомхотгохоор болсноо мэдэгдлээ. Үнийн өсөлт ийнхүү технологийн компаниудыг зарцуулалтдаа илүү хянамгай хандахад хүргэсэн гэж шинжээчид дүгнэж байна. Эргэн сануулахад, өнгөрсөн оны долоодугаар сард тус компани ажилтнуудынхаа нэг хүрэхгүй хувийг цомхотгоно гэж байсан бол энэ тоо аравдугаар сард 1000 болсон юм. Харин одоо арав дахин нэмэдсэн нь дэлхийн зах зээлийн хямрал бодитоор мэдрэгдэж эхэлж буйн тод илрэл гэж хэвлэлүүд тодорхойлж байна.
Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Сатя Наделла “Энэ шийдвэрээс болж манай компани илүү хүчтэй, өрсөлдөхүйц болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Түүнчлэн тус компанийн хэвлэлийн төлөөлөгч энэ шийдвэрийн нөлөө инженерүүд бус борлуулалт, маркетингийн салбарын ажилтнуудад нь илүү хамааралтай гэдгийг мэдэгдсэн байна. Сүүлийн долоо хоногуудад Alphabet, Amazon, Salesforce зэрэг технологийн магнатууд мөн ажилтнуудаа цомхотгоод байгаа юм.
SOURCE: CNBC