Хаа хол Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Зүүн тайгаас нэгэн отог 1000 гаруй км туулж, дөрвөн цаа бугаа ачаад Улаанбаатарт ирж, Богд ууланд төвхнөөд сар гаруй болж байгаа билээ. Цаатан иргэдийн амьдрал, ахуй соёлыг олонд таниулах, сурталчлах, нийслэлчүүдэд танин мэдүүлэхийн тулд ийн хол газраас зорин ирсэн тэдэн дээр очлоо.
Биднийг очиход Богд ууланд алхах, агаарт гарахаар очсон иргэд цаатны отог, ахуйг ихэд сонирхон, зарим нь цаа унаж үзэж байв. Хань П.Гэрэлчимэг, ахынхаа хамт ирсэн Б.Энхбаяртай ярилцлаа.
-Цаатны отог Цагааннуур сумаас Улаанбаатарт зорин ирж, Богд ууланд төвхнөсөн нь олны сонирхлыг их татаж байна. Цаануудтайгаа хамт энд ирэх, ахуй соёлоо сурталчлан, таниулах санаа хэрхэн төрсөн бэ?
-Зүүн тайгад монголчууд маш ховор очдог. Сүүлийн жилүүдийг эс тооцвол өмнө нь ганц нэг гэрэл зурагчин л очдог байлаа. Тэр хэрээр цаатны амьдрал, ахуй олноос хол байдаг, хүмүүс их сонирхдог. 1000 км туулан, бартаатай замаар, саад бэрхшээлийг туулаад очих үнэндээ бэрх. Дор хаяж 7-8 хоног зарцуулж байж хүрнэ. Тийм олон хоног явах, ийм хол замыг туулаад зориод очих боломжтой хүн хэд билээ. Тиймээс ерөөс цаатны амьдрал, ахуй, өв соёл, нүүдлийн амьдралыг нийслэлчүүдэд таниулах, сурталчлахын тулд анх санааг нь гаргасан юм. Тэгээд хоёр гэрээрээ ярилцаж байгаад зориод ирлээ.
-Богд уул руу алхангаа л цаатны амьдрал, ахуйтай танилцах, танин мэдэх боломж бүрдлээ. Хүмүүс юуг хамгийн их сонирхож байна вэ?
-Ер нь нийслэлчүүдэд бидний амьдрал, ахуйн юм бүхэн л сонин хийгээд содон байх шиг байна. Захын хүнээс “Морь, тэмээ унаж чадах уу” гэж асуувал дийлэнх нь адаглаад “Морь унаж чадна” гэж хариулна. Гэтэл цаа унаж чадах уу гэж асуувал унаж үзэх нь битгий хэл яг амьдаар нь харсан хүн ч тэр бүр олдохгүй. Бид ийн ирснээр цаатны амьдрал, ахуйтай танилцах, цаа унаж үзэхийн тулд заавал хэдэн мянган км туулах, Хөвсгөл аймгийг зорих шаардлагагүй боллоо.
-Та халх хүн юм билээ. Эхнэртэйгээ танилцсаныхаа дараа цаатан болсон юм уу?
-Ер нь тэгсэн. Улаанбаатарт оюутан болж ирснийх нь дараа эхнэртэйгээ танилцаж байлаа. Бид хоёр гэр бүл болсныхоо дараа Улаанбаатарт 10 гаруй жил амьдарсан. Тэгээд 2017 онд Зүүн тайгад нүүж очиж байлаа. Түүнээс хойш тайгад амьдарч байна.
-Анх цаатан болоход ямар байв. Дасахад хамгийн хэцүү нь юу байв?
-Орон сууцанд амьдарч байсан надад юм бүхэн л шахам хэцүү санагдаж байлаа. Хотоос тэс өөр амьдрал, амьдралын орчин угтсан л даа. Урцанд анх амьдрахад 18 дугаар зуунд оччихсон юм шиг санагдаж байлаа. Бүхий л юмыг өөрөө, гараараа бэлтгэнэ. Машин тэрэг явахгүй тул дан цаагаар нүүнэ, нүүдэллэж амьдарна.
Яг үнэнийг хэлэхэд тайгад удаан амьдарна гэж анхандаа бодоогүй. Очсоны дараа бодол өөрчлөгдсөн, дассан. Цаатнууд, тайгынхан маань биднийг маш их дэмжсэн.
-Уулын бэлд ингээд олон хонуулахад цаа турж, эцэх эрсдэлтэй. Хэрхэн тэжээж, маллаж байгаа вэ?
-Цаа өвлийн улиралд голчлон иддэг өвс бий. Хөвсгөлөөс ирэхдээ их хэмжээгээр бэлтгээд ирсэн. Одоо долоо хоног бүр нэг юм уу хоёр өдөр Хандгайтын тийшээ аваачин, цаагаа идээшлүүлдэг.
-Зүүн тайга руугаа хэзээ буцах вэ?
-Одоо удахгүй ээ. 10-аад хоноод буцна.
-Дараа жил дахиж ирэх үү?
-Одоогоор тодорхой төлөвлөсөн, шийдсэн юм алга. Тухайн үед шийднэ.