ХАНДИВЫН ДАНС: 5064577487-ХААН БАНК /Охины ээж Д.Одонтуяа/
Бүдүүн шилбэний ясны хорт хавдартай гэж оношлогдсон найман настай А.Нинжин охины эмчилгээний зардалд 500 гаруй сая төгрөг шаардлагатай болоод байна. Хэрэв эмчилгээний зардал бүрдчихвэл А.Нинжин охин 100 хувь эдгэрэх боломжтой. Охин одоогоор БНСУ-ын Самсунг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Бидэнтэй охины эгч Д.Анхтуяа уулзан, мөнгөгүйгээсээ болж дүүгийнхээ эмчилгээг оройтуулах вий гэж санаа зовж буйгаа хэлсэн юм.
Тэрбээр, "Миний дүү яаралтай хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одоогийн байдлаар зургаан удаагийн химийн эмчилгээ хийлгэсэн. Үүнд 200 гаруй сая төгрөгийн зардал гаргасан юм. Энэ нь манай гэр бүлийнхний байдгаа шавхаж гаргасан зардал. Эмнэлгээс эмчилгээ, хагалгаандаа цаг алдахгүй орвол эдгэрэх бүхэн боломжтой гэсэн хариу өгсөн байгаа. Тиймээс цаг алдахгүй, эмчилгээг нь тасалдуулахгүй байх нь хамгийн гол зүйл. Мөнгөгүйгээсээ болоод дүүгийн минь амь насанд эрсдэл учрах вий гэж их санаа зовж байна.
Дүү минь 2023 оны нэгдүгээр сарын 20-нд хавдраа авхуулах хүнд мэс засалд орохоор болсон. Хагалгааныхаа дараа 4-6 удаагийн курс хими эмчилгээ хийхэд нийт 189 сая вон буюу 546 сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа юм.
Саяхан эмчилгээ хийлгэж байхдаа дүү маань уйлаад, “ээж ээ би энэ өвчнийг тэсэж дааж чадахгүй нь ээ” гэж хэлсэн юм. Харин ээжийгээ уйлахыг харахаар, дүү минь өөрөө өвдөж зовж байгаа ч гэсэн, ээжийнхээ гараас бариад “миний ээж битгий уйл, хоёулаа энэ өвчнийг даваад л гарна шүү дээ” гэдэг.
Маш сэргэлэн, ухаалаг, хэрсүү хүүхэд. Сэтгэл санааны хувьд ч тэр маш хүнд байдалд байгаа. Иймээс монгол ахан дүүсээсээ, наймхан настай бяцхан дүүд минь амьдрал бэлэглэж, хандивын гараа сунгаач ээ гэж чин сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ.
ХАНДИВЫН ДАНС: 5064577487-ХААН БАНК /Охины ээж Д.Одонтуяа/