Монголын шилдэг жүдочид болох “Хилчин” спорт хорооны тамирчин Бишрэлтийн Хорлоодой, ОУХМ Батсүхийн Алтанцэцэг нар АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдахаар болсон билээ. Тэднийг тамирчнаа болгох саналыг АНЭУ хэрхэн гаргасан, хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлээс тодрууллаа.
-Монголын хоёр жүдочийг АНЭУ-ын нэрийн өмнөөс барилдуулах саналыг хаанаас анх гаргасан бэ. Энэ гарц, боломж хэрхэн бүрдэв?
-Ер нь хоёр талаасаа санал тавиад, хоёр орны жүдогийн холбоо ярилцаж байгаад шийдсэн. Тамирчдынхаа саналыг харгалзах, ярилцах их чухал. Тиймээс АНЭУ-ын холбооны саналын талаар тамирчидтайгаа ярилцана, санал бодлыг нь сонслоо. Олон талаас нь ярилцаж байгаад шийдлээ.
-Тэд АНЭУ-д байгаа юу?
-Тийм ээ. Б.Хорлоодой, Б.Алтанцэцэг хоёр АНЭУ-д оччихсон, бэлтгэлээ хийж байгаа.
-Хэдэн жилийн гэрээ байгуулж явсан бэ?
-Эхний ээлжид Парисын олимп дуустал гэрээ байгуулсан.
-Гэрээгээ сунгах бодол хоёр тамирчинд байгаа юу?
-Мэдээж хэрвээ тамирчид хүсвэл гэрээгээ сунгах боломжтой. Гэрээгээ сунгаад 2028 оны олимп хүртэл барилдах эсэхийг тамирчид өөрсдөө шийднэ. Мөн АНЭУ-ын холбооны шийдвэрээс шалтгаална.
-“Энэ жинд энэ тамирчныг улсынхаа өмнөөс барилдуулъя” гээд өөр орноос ирсэн санал байгаа юу?
-Одоогийн байдлаар тийм санал ирээгүй байна.