Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг өнөөдөр (2023.01.18) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”–ийн Дөрөвдүгээр бүлэг буюу Засаглалын бодлогын 4.1.2–т “Хүний эрхийг дээдэлсэн, цахим засаглалыг дэмжсэн, технологийн аюулгүй, зохистой харилцааг зохицуулсан хууль, эрх зүйн орчныг бүрдүүлнэ.” гэж, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 82 дугаарт “Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл”–ийг Монгол Улсын Засгийн газар санаачлан боловсруулахаар заасны дагуу Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулан болохыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танилцуулав.
Тэрбээр, олон улсын хэмжээнд кибер аюулгүй байдлын нөхцөл байдлын хувьд Монгол Улс нь 2020 онд 194 орноос 120 дугаарт, цахим засаглалын кибер аюулгүй байдлын индексээр 160 орноос 123 дугаарт эрэмбэлэгдэж сүүлийн жилүүдэд Монгол Улсруу чиглэсэн интернэт хандалтад халдлагын шинжтэй урсгалын эзлэх хэмжээ нэмэгдсээр байна.
Цагдаагийн байгууллагаас авсан тоон мэдээллээр 2022 онд цахим орчинд үйлдэгдсэн нийт 8563 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6865 буюу 80.2 хувь нь Улаанбаатар хотод, 1695 буюу 19.6 хувь нь орон нутагт, 0.04 хувь нь бусад газар буюу хилийн чанадад үйлдэгдсэн бөгөөд эдгээрийг гэмт хэргийн төрлийн хувьд ангилж үзвэл залилах, худал мэдээлэл тараах, кибер орчинд хууль бусаар халдах, хулгайлах, заналхийлэх, мөрийтэй тоглоом зохион байгуулах, хөрөнгө завших, хувь хүний нууцад халдах зэрэг гэмт хэргүүд нь цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн дийлэнх хэсгийг эзэлж байна.
Дээр дурдсан цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн төрлөөс сүүлийн нэг жилийн хугацаанд залилах гэмт хэрэг 99.8 хувиар, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг 95.2 хувиар, кибер орчинд хууль бусаар халдах гэмт хэрэг 70.7 хувиар, хулгайлах гэмт хэрэг 37 хувиар, хүүхдэд садар самууныг сурталчлах, уруу татах гэмт хэрэг 18.5 хувиар өсөн нэмэгдэж, цахим орчны хэрэглэгчдийн тоо өсөх бүрт тухайн орон зайд үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчилтэй контентын тоо, төрөл нэмэгдэж, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол, бие махбод, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулах эрсдэл үүссээр байгаа нь статистик мэдээ баримтаас тодорхой харагдаж байна.
Иймд цахим орчин дахь хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зохисгүй, доромжилсон, ялгаварлан гадуурхсан агуулга бүхий үг хэллэг, зөрчилтэй контентыг хязгаарлах, хүүхдийн эсрэг чиглэсэн аливаа төрлийн хүчирхийлэл, садар самуун, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, эрх зүйн зохицуулалтыг шинээр боловсруулах шаардлагатай байна гэлээ.
Хуулийн төсөл нь 6 бүлэг, 12 зүйлтэй байх бөгөөд хуулийн төсөлд тусгасан зарим зохицуулалтыг дурдвал:
- Зөрчилтэй контентод хамаарах мэдээлэлд цахим сүлжээ ашиглан залилсан, хүнийг заналхийлсэн, доромжилсон, гүтгэсэн, эсхүл хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулга бүхий үг хэллэг, харьцуулалт, дүрслэл зэргийг ашигласан, хүүхдийн бие махбод, оюун санаа, зан суртахуунд сөргөөр нөлөөлөхүйц дарамт үзүүлсэн, уриалсан, сурталчилсан мэдээллийг зөрчилтэй контентод тооцохоор тогтоосон.
- Хүчирхийлэл, садар самуун, хүнийг амиа хорлох, өөрийн бие махбодид гэмтэл учруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэхийг уриалсан, сурталчилсан, хувь хүн буюу тодорхой бүлгийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл болон эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхсан, дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан зэрэг мэдээлэл нь зөрчилтэй контентод хамаарахаар тусгасан.
- Зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хүн, хуулийн этгээдээс, зөвлөмж, шаардлагыг хуульд заасан эрх бүхий байгууллагаас Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн олон нийттэй харилцах нэгж нь хүлээн авч, 72 цагийн дотор хянан шийдвэрлэж, хүсэлтийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хүсэлтийг шийдвэрлэж, шийдвэр, зөвлөмж, шаардлагыг ногоон сувгийн үйлчилгээ эрхлэгч болон олон нийтийн сүлжээний үйлчилгээ эрхлэгчид хүргүүлэх, эсхүл харьяаллын дагуу эрх бүхий байгууллагад шилжүүлж, хамтран ажиллахаар тусгалаа. Мөн олон нийттэй харилцах нэгж нь зөрчилтэй контентын талаарх хүсэлтийг хянан шийдвэрлэхдээ лавлагаа, тодорхойлолт, тайлбар гаргуулан авах, шинжээч ажиллуулах, Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авч болохоор тогтоосон.
- Олон нийттэй харилцах нэгж нь олон нийтийн сүлжээнд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс хамгаалах, хохирох эрсдэлийг бууруулах, зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор хүн, хуулийн этгээдийг соён гэгээрүүлэх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран олон нийтийн сүлжээний зохисгүй хэрэглээнээс үүсэх хор аюулын талаар таниулах ажлыг олон нийтэд тасралтгүй явуулах, түүнээс урьдчилан сэргийлэх арга барилд сургах чиглэлээр сургалт, сурталчилгаа тогтмол зохион байгуулах, олон нийтийн сүлжээнд өөрийгөө болон бусдыг хамгаалах зан суртахуун, хандлага, чадварыг бий болгох, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах зэрэг нөлөөллийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ.
ЭХ СУРВАЛЖ: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс