Хөгжлийн банктай холбогдуулан 43 хэрэгт хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж, 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.
Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Од:
Хөгжлийн банкны хэрэгт эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах, хахууль авах, өгөх, нотлох баримт хуурамчаар үйлдэх, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэх, ашиглах, худал мэдүүлэх гэмт хэрэгт 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдуулан 1012 хуудастай прокурорын яллах дүгнэлтийг 2022 оны арванхоёрдугаар сарын 28-нд үйлдсэн.
Гэмт хэрэгтэй холбогдуулан 18 иргэн, 20 ААН-ийн 277 ширхэг үл хөдлөх хөрөнгө, 7 иргэн 7 ААН-ийн 136 тээврийн хэрэгсэл, 16 иргэн 23 ААН-ийн арилжааны банкууд дахь харилцах, хадгаламжийн данс, 30 ААН-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус тус хязгаарласан.
Мөн 4 ААН, 6 иргэний 33 үл хөдлөх хөрөнгө, 13 тээврийн хэрэгсэл, хүнд машин механизм, 2 үйлдвэрийн тоног төхөөрөмжийг битүүмжилсэн гэлээ.