Хятадын хүн амын тоо сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ. 2022 онд тус улсын хүн амын тоо 1.4 тэрбум байсан нь 2021 оноос 850 мянгаар буурчээ.
Хятадын төрөлтийн тоо сүүлийн жилүүдэд буурч байгаа бөгөөд 2022 онд мөн л ижил үзүүлэлттэй гарчээ. Харин өнгөрсөн онд нас баралтын тоо анх удаа төрөлтөөс давсан юм.
Ялангуяа 2023 онд нас баралт ковид-19-ийн давлагаанаас болоод төрөлтөөс давах эрсдэлтэй байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна. Саяхан Хятадын засгийн газраас урт хугацаандаа тус улсын ажиллах хүчин багасч, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын зардалд үзүүлэх ачааллыг нэмэгдүүлж магадгүй хэмээгээд энэ үзэгдлийг “хүн ам зүйн хямрал” гэж тодотгосон байна.
Түүнчлэн 2021 онд танилцуулсан арван жилд нэг удаа хийдэг хүн амын тооллогын дүнд Хятадын хүн ам сүүлийн арван жилд байгаагүй удаашралтай өсөж байгааг харуулсан байна. Энэ мэтчилэн хүн амын өсөлт удааширч, хөгшрөлт ихэсч байгаа орнуудын тоонд Зүүн Азиас БНСУ, Япон нар мөн бичигдэж байна.
SOURCE: BBC