Холимог тулааны MGL-1 холбооны аварга, Монголын шилдэг тулаанчдын нэг Баясгалангийн Ганбат таван жилийн дараа мэргэжлийн дэвжээндээ эргэн ирлээ. 33 настай тэрбээр ээлжит тулаанаа LFA холбоонд Нигер улсын тамирчин Адаму Исатай хийн, тулааны 35 дахь секундэд хүнд цохилтоор ялсан юм.
Өрсөлдөгчөө хүнд цохилтод орсных нь дараа нэмж цохилгүй өнгөрөөн тулаанч хүний хүн чанар, жудаг, хүндлэл харуулсан түүгээр олон, олон хүн бахархаж байна.
Б.Ганбаттай цахимаар холбогдон ярилцлаа.
Тэрбээр “Өрсөлдөгч байсны хүчинд би хөгжиж байгаа. Өрсөлдөгч байсны ачаар би өөрийгөө баяжуулж байна. Тулалдахаас өмнө сэтгэл зүйн дайралтаар, янз бүрийн үйлдэл хийж болно. Өрсөлдөгчөө стресстүүлэх, нэгнээ дайрч доромжлох бол байх зүйл. Холимог тулаан нэг талдаа урлаг, нөгөө талдаа энх цагийн дайн байхгүй юу. Тийм учраас би өрсөлдөгчөө маш их хүндэлж, хайрлах ёстой.
Би эхлээд хүнийг хайрлаж байж дараа нь хүнээр хайрлуулна. Тиймээс би өрсөлдөгчөө нэмж цохиогүй, хүндэлсэн. Тэртэй, тэргүй хүнд цохилтод ороод уначихсан хүнийг би дахиж цохиод яах вэ дээ. Тийм биз дээ.
Адаму Иса мундаг тамирчин байна лээ. “Good like” гээд надад амжилт хүсэж байна лээ. Мэргэжлийн дэвжээнд дөрөв дараалан ялж, нэг ч ялагдаагүй байсан, 1997 оны залуу.
Би 2013 оны намар холимог тулаанаар хичээллэж эхэлсэн. Дундуур нь нэлээд завсарлаж байгаад энэ жил эхний тоглолтоо хийлээ. Ер нь богино хугацаанд тулааны санал авсан. 10 хоногийн өмнө бараг санал ирлээ, ний нуугүй хэлэхэд.
Мэргэжлийн спорт шүү дээ. Бүх тамирчин мэргэжлийнх. Тиймээс тийм амар, хурдан, санаан зоргоор уначихна гэж байхгүй л дээ. Аль болох дутуу гаргана, болохгүй бол давуу талаа ашиглаад, илүүрхэж тоглоно гэсэн тактиктай тоглосон.
Хэн толгойгоо илүү ажиллуулна, түүгээрээ л ялна шүү дээ. Би арай илүү туршлагатай байсан байх. Туршлагаараа ялчихлаа гэж бодож байна.
Энэ миний ес дэх тулаан. Ес тоглож ес яллаа. Дунд нь маш их завсарлачихлаа. Завсарлаад таван жил бараг болчихлоо. Жилийн дотор би Монгол Улсын аварга болж байсан. Улсын аварга болсныхоо дараа 2, 3 жил завсарласан. АНУ-д ирээд дөрвөн жил гаруй болчихлоо. Одоо эргэлт буцалтгүйгээр карьераа хөөнө. Тамирчны хамгийн том дайсан болох бэртэл гэмтэлтэй байлаа.
Өөр холбооноос санал ирвэл мэдээж би тоглоно. Энэ холбоондоо дахиад нэг тоглох бодолтой байна. Сая өрсөлдөгчөө нэмж цохиогүй болохоор LFA холбооныхон их дуртай, намайг хүндэлж байгаа.
“Би тэрэнтэй тоглох сон. Энэ мундаг” энэ тэр надад нэг их сонин биш. Яагаад гэвэл би өөрийн гэсэн орон зайтай, хувь хүн.
UFC-д тоглож, аварга болно гэсэн хүсэл зорилготой байна. Залуучууд нэгнээ хайрладаг, сэтгэл зүрхтэй байгаасай гэж хүсдэг. Яагаа ч үгүй байж салбаганаад байгаа залуусыг ойлгодоггүй. “Хувь хүний орон зай” гээд л явчихдаг” гэв.